МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал Ерөнхийлөгчийн сонгуулийн орон нутгийн сурталчилгаагаа Их Монгол Улсын нийслэл Хархорум хотоос энэ сарын 24-ний өдөр эхлүүлсэн билээ. Тэрээр дөрөв хоногийн хугацаанд Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудаар тойрч, танхим дүүрэн цугларсан иргэд сонгогчидтойгоо нүүр тулан уулзаад ирсэн юм. Нацагийн Удвал өчигдөр нийслэл хотноо ирсэн даруйдаа нэр дэвшигчийнхээ хандивын уулзалтыг намын нөхдийнхөө хүрээнд хийж, хэд хэдэн дуудлага худалдаа зохион байгуулсан нь шинэ содон үйл явдал байв. Бэл бэнчинтэй эрчүүдтэй ан ман өрсөлдөж байгаа Н.Удвалд хандив өргөж, сонгуульд нь амжилт хүсэж, чин сэтгэлээсээ дэмжихээ илэрхийлэхээр ирсэн хүмүүс Хан-Уул дүүргийн Говь ХК-ийн баруун талд байрлах ‘’Мираж’’ зоогийн газарт хүрэлцэн ирж, хөл гишгэх зайгүй цугларсан байв.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярын Монгол Улсын төрийг удирдан, УИХ-ын дарга байх үедээ батлагдсан хуулиуд дээр гарын үсгээ зурдаг байсан ‘’Monblank’’ үзгийг дуудлага худалдаанд оруулсан нь зочдын анхаарлыг ихэд татлаа. Уг үзгийг хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэн н.Амгалан худалдаж авсан байна. Мөн МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвалын бичсэн ‘’Би эвдрэхгүй’’ номыг дуудлага худалдаанд оруулж, түүний номыг 5 сая төгрөгөөр иргэн Н.Батбаатар худалдан авчээ. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярын “Найман боть”, ‘’Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй”, “Их Монгол- 800” зэрэг гурван боть номыг дуудлага худалдаанд оруулж, амжилттай зарагдлаа.