Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” спорт хорооны тамирчин, спортын мастер Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна.
Г.Ганхуяг Бухарестийн дэвжээнд өчигдөр 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд Азийн аварга Ираны Камран Гасемпурт 0:4-ээр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Туркийн Ариф Озентэй “тооцоотой”, “хийгүй”, “нягт” барилдан 4:1-ээр ялснаар шагналын тавцанд зогсов.
Ганбаатарын Ганхуяг 1996 оны гуравдугаар сарын 16-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 2014 онд гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлага дор “Ганьт” клубт чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Ховд аймгийн Булган сумын хоёрдугаар 12 жилийн дунд сургууль, “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн.
АМЖИЛТ:
2016 он: Залуучуудын УАШТ-ий хүрэл
– Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө
2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
– Оюутны УАШТ-ий алт
– Д.Оюунболд агсны нэрэмжит U-23 тэмцээний алт
2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
– Оюутны УАШТ-ий алт
– “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө