“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож буй мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарчээ.
БНХАУ-ын Санья хотноо болж буй “Дэлхийн мисс-2018” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-ны өдөр болж титмийн эзэн тодорно. Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарснаар финалын шалгаруулалтад бүжиглэх эрхтэй болсон юм.
Тэрбээр “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж оролцох юм.
“Сайн ээж – сайхан дэлхий” уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номыг санаачлан хэвлүүлэн, олон нийтэд үнэгүй тараасан.
“Дэлхийн мисс-2018” тэмцээний санал хураалт үргэлжилж байгаа тул Э.Энхриймаад үлдсэн өдрүүдэд www.missworld.com сайтаар саналаа /VOTE/ өгөх боломжтой.Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн “Miss World” тэмцээн оролцож байгаа бөгөөд хамгийн өндөр амжилтыг 2016 онд А.Баярцэцэг үзүүлж, шилдэг 11-т шалгарсан юм. Мөн 2017 оны оролцогч Ц.Энхжин шилдэг 15 оролцогчийн нэг болж байсан билээ.