“Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн анх удаа оролцож буй Д.Долгионы Тайланд улсыг зорихдоо гар тээшиндээ нандигнан авч явсан нэг зүйл нь “Алтайн Ятга” бэлэг дурсгалын зүйл байсан юм.
Тус тэмцээний гол хөтөлбөрүүдийн нэг болох үндэсний хэв маяг бүхий бэлэгний дуудлага худалдаа өчигдөр/2018.12.06/ зохиогдож мисс Д.Долгионы “Алтайн Ятга” бэлэг дурсгал 94 гоо бүсгүйн бэлэг дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болжээ.
Энэхүү дуудлага худалдаагаар тив дэлхийн сор болсон 94 орны гоо бүсгүй өөрсдийн орны түүх ёс заншлыг илтгэхүйц бэлгийг бэлдэн авчирдаг бөгөөд тухайн бэлгүүд дундаас зохион байгуулагчид таван орны бэлгийг онцлон сонгож дуудлага худалдаанд оруулан сайн үйлсийн аянд хандивладаг юм.
“Алтайн Ятга” нь Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олдож байсан ба VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарах энэ төрлийн хөгжмийн зэмсгийн Монголоос олдсон анхны олдвор юм.
67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдана.
“Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм.