Ц.Амарбаяр: “Зохиогчийн эрх гээд яриад байдаг холбоодууд бүгд луйвар болсон байна лээ”

b0f2943c1b2957d6originalОюуны өмчөө хамгаалдаг уран бүтээлчдийн нэг бол та. Өнгөрсөн хавар бүтээлээ хамгаалж суулт зарлаж байсан. Тэр асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг орлого олж буй томоохон компаниуд Монголд бий. Үүнийг   эсэргүүцэж өнгөрсөн гуравдугаар сард суулт зарлаж байсан  дуучин Ноён бондгор буюу Ц.Амарбаяртай ярилцлаа. Тэрээр “Мобиком” корпорациас уран бүтээлчдийн оюуны бүтээлийг   зөвшөөрөлтэй ашиглахыг шаардаж байсан юм.

-Гадаадын компани Монголд орж ирээд 10 гаруй жил луйвраар монополдож бидний бүтээлийг зөвшөөрөлгүй  ашиглаж байгааг эсэр­гүү­цэж “Мобиком” кор­по­рацийн өмнө суулт зар­ласан. Монгол ахан дүүсийн маань дуулсан дууг монголчуудад зарж дундаас нь ашиг олж гадаад руу мөнгө зөөж байгаа үйлдлийг эсэргүүцсэн юм. “Мобиком” дугаар гаргаж, нэгж зарж ашиг олж байгаа. Тэгвэл миний дуу надаас гарч байгаа нэгж гэсэн үг. Тэгэхээр миний гаргасан нэгжийг “Мобиком” зараад байна шүү дээ. Энэ нь хууль бус үйлдэл байгаа биз.

Та тэгээд хүссэн хариултаа авч чадсан уу?

-Тухайн үед миний хүсэлтийг хүлээж авахгүй байсан. Эсэргүүцлээ үргэлжлүүлж гэр барихад хүрэхэд “Мобиком” уучлалт гуйж бууж өгсөн. Цаашид хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Ямар тохиролцоонд хүрсэнээ удахгүй олонд ил болгоно.

Таны уран бүтээлийг ашиглаж хэчнээн төгрөгийн ашиг олсон  юм бэ. Энэ талаар судалж үзсэн үү?

-Миний нэг дуунаас гэхэд 20 орчим сая төгрөгийн орлого олсон байсан.

-Тухайн үед тантай маш олон уран бүтээлчид нэгдэж, гарын үсэг зурж байсан байх аа?

-Би өөрийнхөө уран бүтээлийн төлөө, Монголын урлагийн төлөө үлгэр дууриал үзүүлэхийн тулд ийм ажил зохиосон юм. Олон уран бүтээлчид дэмжсэн.

Хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээлнэ гэлээ. Чухам  ямар тохиролцоонд хүрсэн юм бэ?

-“Мобиком”-оор хохирлоо төлүүлсэн. Энэ тухай бүх гэрээ, хэлцлийг ил болгоно. Бүх үүрэн холбооны оператор компаниудтай тэмцэж албан бичгээр харилцаж  хохирлоо төлүүлээд, зөвшөөрөлгүй заруулсан дуунуудынхаа учрыг олсон. Би уран бүтээлээ үнэгүй луйвардуулсан юм чинь авч таарна биз дээ.

Гавьяат жүжигчин С.Жавхлан ч өөрийнхөө уран бүтээлийг  хамгаалж шүүхэд хандсан байсан?

-Зөвхөн Ноён бондгорын ганц дуугаар 20 орчим сая төгрөг олсон байна. С.Жавхлан бол Монголын номер нэг од. Түүний 100 гаруй дуу нь хит болсон. Хит болсон 100 дуунаас хэдэн төгрөгийн ашиг олсон болох нь ойлгомжтой.

Сүүлийн үед зохиогчийн эрхийг хамгаалах талаар олон нийт ярих болсон. Гэвч зөрчигдсөөр л байна?

-Яг үнэндээ зохиогчийн эрх гээд яриад байгаа холбоодууд, Оюуны өмчийн газар бүгд луйвар болсон байна лээ. Төрийн байгууллага хэрнээ уран бүтээлчдийг хэзээ ч дэмжихгүй, хэзээ ч бидний төлөө дорвитой ажил хийдэггүй шүү дээ.

Б.ЭНХ

Эх сурвалж: Шударга.мн

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …