“Mnet Asian Music Awards” шагнал гардуулах Азийн хамгийн том хөгжмийн наадмыг Монгол улсад “Asianbox” суваг анх удаа мэргэжлийн түвшинд шууд дамжуулахаар болжээ.
“Mnet Asian Music Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа нь“Mnet Music Video Daesang”нэртэйгээр 1999 онд анх зохион байгуулагдаж байв. 2009 оноос цар хүрээгээ тэлж Азийн улсуудаас уран бүтээлчид оролцдог болсноор одоогийн нэршлийг өгсөн юм. 2017 оноос Азийн гурван улсад буюу Вьетнам, Япон, Хонг Конгд зохион байгуулагдаж байжээ. Харин 2018 онд БНСУ, Хонгконг болон Япон улсад зохион байгуулагдахаар болсон бөгөөд дэлхийн 16 улс шууд дамжуулалт хийх аж. “Asianbox”суваг нь 12-р сарын 14-нд Хонгконгод болох “Mnet Asian Music Awards” -ыг 17:00 цагаас шууд дамжуулах юм.
Энэ жил “Mnet Asian Music Awards”-ын 10 жилийн ой тохиож байгаагаараа ихээхэн онцлогтой бөгөөд уран бүтээлчид нийт 20 төрөлд өрсөлдөх юм. Шилдэг уран бүтээлч, шилдэг дуу, шилдэг альбом гэсэн гурван төрлийн номинаци нь хамгийн том төрөлд тооцогддог бөгөөд нийт 20 төрлийн номинацыг гурван улсын наадамд хуваасан аж. Голлох болон томоохон шагналуудыг Хонгконгийн наадамд гардуулах бөгөөд БНСУ-ын олон алдартан улаан хивсний ёслолд оролцох төлөвтэй байна. Мөн энэ жилийн наадмын хүндэт зочноор алдарт дуучин Жанет Жэксон хүрэлцэн ирж дуулах юм. Энэ нь тус наадмын цар хүрээ, үнэ цэнийг бататган харуулсан үйл явдал болно хэмээн экспертүүд дүгнэж байна.
Өчигдөр буюу 12-р сарын 10-нд Сөүл хотноо зохион байгуулагдсан наадмын гол хөтлөгчөөр жүжигчин Жон Хэ-Ин, жүжигчин Ким Су-Хён, Хун Жун-Хён, Ким Юү-Ри, Чон Жэ-Ён зэрэг алдартнууд мөн хөтлөгчөөр ажиллалаа. Японд болох наадамд жүжигчин Пак Бу-Гом, Хонгконгийн наадамд жүжигчин Сун Жүн-Ги нар хөтлөгчөөр ажиллахаар болсон нь K-Pop шүтэн бишрэгчдэд ихээхэн хүлээлт үүсгэсэн.
Харин “Asianbox”сувгаар цацагдах шууд дамжуулалтыг дуучин С.Гантогоо, жүжигчин Б.Янжиндулам нар хөтлөн хүргэх юм. Тэдний хувьд БНСУ-ын соёл урлагийн салбарт ажиллаж байсан туршлагатай учраас наадам болон уран бүтээлчдийн тухай сонирхолтой, дэлгэрэнгүй мэдээллийг шууд дамжуулалтын үеэр хүргэх гэнэ.