Тамхи бол бага тунтай хор

Эрүүл мэндийн боловсрол олгох вэб сайт болох Unsick.me тамхи эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар нийтэлжээ.

Тамхи эрүүл мэндэд хортой, сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Хүн бүр урт насалж өвчин зовлонгүй амьдрахыг ямагт эрхэмлэдэг. Гэвч үүнийг мэдсээр байж тамхи татаад байвал өтөл цагт тархинд цус харвах, зүрхний шигдээс, уушигны хавдар зэрэг олон эмгэгээр өвчлөх эрсдэл их өндөр. Нэгэнт өвчилж хүндэрсэн хойно хичнээн эмчлээд, дэглэм бариад ач холбогдолгүй юм. Гол нь түр зуурын хүслийг тэвчиж чадах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй.

ТАМХИ БИЕ ОРГАНИЗМД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Тамхинд бие организмыг хордуулах хоёр чадвар байдаг. Нэгд, тамхины никотины нөлөөгөөр донтох буюу тамхинд хамааралтай болно. Хоёрд, тамхи навчит ургамал учраас шатаж утаа бий болно. Утаанд донтуулах үйлчилгээтэй никотиноос гадна давирхай, хүнд металь, хийн төлөвтэй химийн олон нэгдэл агуулдаг. Тамхины утааны дийлэнх хувийг нүүрстөрөгчийн дан исэл эзэлнэ. Иймд хүн 1 ширхэг тамхи татахад нүүрстөрөгчийн дан исэл (10-23мг), аммиак (50-130мг), фенол (60-100мг), ацетон (100-250мкг), азотын исэл (500-600мкг), циант устөрөгч (400-500мкг), цацраг идэвхт полони (0,03-1,0нК) зэрэг хорт бодисоор амьсгална.

Уушгинд тамхины утааны нүүрстөрөгчийн дан исэл (CO) цусны улаан эстэй холбогдох шинж чанартай байдаг. Улаан эсэд агуулагдах гемоглобин агаарын хүчилтөрөгчтэй нэгдэж эд эс рүү зөөвөрлөх үүрэгтэй боловч CO цусны гемоглобинтой холбогдоно. CO-той холбогдсон гемоглобин хүчилтөрөгчтэй холбогдож чаддаггүй учраас бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орж байдаг. Ийнхүү тамхи татахад жирэмсэн эмэгтэйн ураг, үр хөврөлд маш хортой нөлөө үзүүлж ургийн гажиг үүсэх аюултай.
Тамхины утаанд агуулагдах янз бүрийн химийн нэгдэл, хорт бодис уушигны эдийг гэмтээхээс гадна цусанд шингэж судасны ханыг гэмтээх нөлөө үзүүлнэ. Ийм учраас тамхичин хүн зүрхний ишеми өвчнөөр өвдөх эрсдэл тамхи татдаггүй хүнээс 5 дахин их байдаг.

ТАМХИНД ЯАЖ ДОНТДОГ ВЭ?

Тамхинд агуулагдах никотин донтуулах үйлчилгээтэй. Никотин хэмээх алкалойд бодис тархинд нэвтрэн орж симпатик мэдрэлийг идэвхжүүлэх, түр зуурын сэргээх, бага зэрэг тайвшруулах нөлөө үзүүлэх зэргээр донтуулах үйлчилгээ үзүүлдэг. Симпатик мэдрэл идэвхжихэд артерийн даралт нэмэгдэх, зүрхний цохилт олширдог. Энэ үйл явц хүнийг тамхитай хамааралтай болгож донтуулна.

Улмаар тамхинд донтсон хүн тамхийг байнга татах зуршилтай болно. Татах бүрт химийн хорт нэгдэл уушиг, зүрх судасыг гэмтээх цочрооно. Тамхи их татах тутам уушги, зүрх судас төдий чинээ их гэмтэнэ. Уушги гамтсэнээр уушгины архаг бөглөрөлтөвчин, уушгины багтрааг үүсгэдэг. Харин зүрх судсанд нөлөөлсөнөөр зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээс үүсгэнэ. Тархины судас мөн адил гэмтэж тархины судасны өвчин болох цус харвалт зэрэг өвчин үүсэхэд чухал эрсдэлт хүчин зүйл болдог.

https://www.facebook.com/unsick.me/

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …