Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тус улсын ерөнхий сайд Н.Модид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн БНЭУ-ын нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэснийг уламжлан төслийн хэрэгжилт, ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудыг товч танилцууллаа.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вижей Такур, “Экзим Банк”-ны Ерөнхий менежер Надим нартай тус тус уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил амжилттай хэрэгжиж буй талаар ярилаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхийг сонгох тендерийг хоёр улсын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу БНЭУ-ын “Эксим” банкнаас урьдчилсан сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Инженерс Индиа Лимитэд” компани шалгарсан. Тус компани манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар болов.
Түүнчлэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг үзэглэлээ.
“Петротек 2019” олон улсын хуралд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалтын сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын 6000 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулжээ. Дэлхийн 27 улсын Засгийн газрын гишүүн, сайд нар оролцож, 20 орчим салбар хуралдаанд санал бодлыг хуваалцав.
Мөн Д.Сумъяабазар сайд “Хиндустан Петролиум”, “ОНГС”, “Палуужи энд Шапунжи” зэрэг компаниуд болон Дханбад дахь Энэтхэгийн Технологийн Их Сургуулийн Уул уурхайн сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монголын оюутан суралцагчдыг Энэтхэг улсад газрын тосны гүн боловсруулалтын чиглэлээр сургаж, бэлтгэх асуудлаар хамтарч ажиллахаар санал солилцов.