Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд 3-р сарын 1-ны өдөр буюу Эх орончдын өдрөөр нээлтээ хийх “2000” түүхэн уран сайхны кинонд гэргий Д.Бямбажавын хамт тогложээ.
Жүжигчин Ц.Цэрэнболд түүхэн киноны гол дүр Энхтайван гэгч залуугийн дүр тоглосон бол түүний гэргий Борын ээжийн дүрд тоглосон аж.
Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэсэн “2000” киноны зохиолыг яруу найрагч, хутагт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичиж, Ерөнхий продюсероор ажиллажээ.
Харин киноны ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, зураглаачаар Э.Доржсүрэн, дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д. Мэндбаяр, Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, Н.Батцэцэг, У.Батбаатар, Соёлын тэргүүний ажилтан С.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр, Ч.Дэлгэрцэцэг нар тоглосон юм.
“2000” уран сайхны киноны зураг авалтыг Завхан аймгийн үзэсгэлэнт газруудад хийсэн бөгөөд Манжийн үеийн бусад уран сайхны кинонуудаас ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйгээр тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан драм жанр голчилсон бүтээл хэмээн найруулагч нь онцолсон.
Энэхүү уран бүтээлийн зорилго нь хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, багцалсан сум шиг эв нэгдэл хэзээд хэрэгтэйг сануулахыг зорьжээ.