С.Баянмөнх:Өмгөөллийн тухай хуулийг зайлшгүй батлах бодит хэрэгцээ шаардлага үүсээгүй

Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, Өмгөөллийн “Легал про” ХХН-ийн гүйцэтгэх захирал Содсүрэнгийн Баянмөнхтэй УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдөөд байгаа Өмгөөллийн хуулийн төсөл болоод өмгөөлөгчийн мэргэжлийн онцлог, өмгөөлөгчөө хэрхэн сонгох зэрэг сэдвээр ярилцлаа.
-Өмгөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Өмгөөлөгч хүний хувьд энэ хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль 2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хүчингүй болж, “Өмгөөлөгчдийн холбоо” ТББ-ын статустайгаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Харин дахин Өмгөөллийн тухай хуулийн төслийг санаачилж өргөн барих асуудал 2015 оноос эхлэлтэй бөгөөд саяхан Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдэж, Улсын Их хурлын чуулганаар хэлэлцэгдэх шат руугаа явж байх шиг байна. Өмнө нь байсан эрх зүйн харилцааг дахин сэргээх бодит хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсон уу? үгүй юу гэдэг дээр хуульчид өнөөдрийг хүртэл нэгдсэн байр суурьгүй байна. Зарим хэсэг нь “шаардлагагүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиа засаж сайжруулаад явж болно”, зарим нэг нь “зайлшгүй Өмгөөллийн тухай хуультай байна” гэсэн байр суурьтай байгаа.
-Таны хувьд аль байр суурьнаас нь уг хуульд хандаж байгаа вэ?
-Хувь хуульч, өмгөөлөгч, залуу хүний хувьд 2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хуульчид хуульч мэргэжилтнийхээ хувьд нэгэн дээвэр дор харьяалагдаж, мэргэжлийн нэгдсэн стандарт, хариуцлагын тогтолцоог бий болгох өөрөө удирдах ёсны тогтолцооны байгууллагыг удирдан зохион байгуулах үүргийг хуулиар олж авсан нь маш том дэвшилтэд алхам болсон гэж үздэг. Харин гишүүнчлэлийн хувьд шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг ажил үүргийн хувьд харилцан ашиг сонирхлын зөрчилтэй хуульчид нэг байгууллагад харьяалж болохгүй гэдэг хандлага түгээмэл байдаг боловч энэ нь практик дээр шууд сөрөг үр дагавар үүсгэж хүндрэл учруулаад байгаа зүйл байхгүй. Харин ч хуульч мэргэжилтнүүдийнхээ хувьд өөрсдийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, харилцан биенийхээ ажил мэргэжлийн онцлогийг мэддэг, хүндэтгэдэг болох зэрэг эерэг хандлагууд ажиглагдсаар байна. Ийм нөхцөлд өмнөх үе рүүгээ эргэн орж ухралт хийж болохгүй. Мөн Өмгөөллийн тухай хууль зайлшгүй байх бодит хэрэгцээ шаардлага үүссэн үү, үгүй юу гэдгийг нийт хуульчдаараа хэлэлцүүлж, сайтар судалж үзэх хэрэгтэй.
-Хууль тогтоогчид Өмгөөллийн тухай хуультай байх шаардлагатай гэж үзээд уг хуулийг оруулж ирж байгаа юм биш үү?
-Харин Өмгөөллийн тухай гэж бие даасан хууль байх шаардлага байна уу? үгүй гэдгийг сайтар судалж бодит хэрэгцээ шаардлагадаа яв цав нийцүүлэх ёстой бөгөөд одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгагдсан өмгөөллийн зохицуулалтыг засаж, өөрчлөх, процессын хуулиудад нэмж оруулах зэрэг олон арга зам бий. Түүнчлэн уг хуулийг хэрэгжүүлэгч нь Өмгөөлөгчдийн холбоо гэх бие даасан байгууллага байна гэж уг хуулийн төсөлд тусгасан бөгөөд үүнийгээ “Өмнө нь өмгөөлөгч болоход Өмгөөлөгчдийн холбоонд дахин шалгалт өгч гэрчилгээ авдаг байсан. Одоо шууд Улсын Дээд шүүхэд бүртгүүлээд өмгөөлөгч болж байна. Энэ нь чанаргүй өмгөөлөгч олноор төрж өмгөөллийн нэр хүндийг унагааж байна” гэсэн үндэслэлээр тайлбарладаг. Гэвч энэ нь практикт шууд батлагдаад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн үеэс өмгөөлөгчийн шалгалтгүй өмгөөлөгч болсон хуульчид Монголын Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд тийм үзүүлэлттэйгээр шалгагдаж, арга хэмжээ авагдсан байна гэдэг ч юм уу? эрх бүхий байгууллагын албан ёсны тоо баримт, судалгаагүйгээр л яригдаад байгаа асуудал. Харин ч эсрэгээрээ олон жил өмгөөлөгч хийсэн хуульчид энэ хороогоор олноороо шалгуулж арга хэмжээ авахуулдаг нь жил жилийн тайлан мэдээнээс нь харагддаг. Хуульчийн мэргэжлийн шалгалт гэдэг бол тухайн хүнийг хуульч болоход эзэмшвэл зохих хэмжээний чадварыг сорьсон амаргүй шалгалт бөгөөд өмнө нь Хууль зүйн яам авдаг байхад дор хаяж 30 хувь нь тэнцдэг байсан бол одоо Хуульчдын холбоо авдаг болсноор 1500 хүн шалгалт өгөөд 10 хувь нь л тэнцэж байгаа нь шалгалтын босго өндөр байгааг илтгэж байна.
-Хууль батлагдсанаар өмгөөлөгчид Хуульчдын холбоондоо бас харьяалагдах уу?
-Хуульчийнхаа хувьд харьяалагдана. Өмгөөлөгчөөр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлбэл Өмгөөлөгчдийн холбоонд бас харьяалагдана.
-Өмгөөлөгчид хэт залуужиж, туршлагагүй байгаа нь өмгөөлөгчийн нэр хүндийг унагааж байна гэх шүүмжлэл байдаг?
-Эзэмшвэл зохих эрх зүйн мэдлэгийг авч, дор хаяж 2 жил мэргэжлийн дадлага хийсэн хүмүүсийн хувьд хүндрэл байхгүй. Харин шүүхэд итгэмжлэлээр төлөөлдөг мэргэжлийн бус хүмүүс олон байна. Иргэн, захиргааны хэргийн шүүхэд энэ бол тулгамдсан асуудал. Харьяалан шалгах байгууллага байхгүй учраас шүүгч, өмгөөлөгчдийг дураараа доромжилж, зүй бус авирладаг, хуулийг дур зоргоороо тайлбарладаг зэргээр шүүхэд хүчтэй нөлөө үзүүлдэг болоод удаж байна. Бид эндээс л мэргэжлийн ажлынхаа нэр хүндийг хамгаалах ажлыг эхлүүлэх ёстой. Түүнээс биш нэгэнт өмгөөлөгч болоод ирсэн хуульчдыг дахин шалгалт авдаг байх, дахин нэг байгууллагад татвар төлдөг байх зэргээр дарамт, шахалт үзүүлэх ёсгүй. Олон улсад ч нэг л Барын шалгалтыг давдаг. Одоо залуу байх нь туршлагагүй гэдэг ойлголт бол хоцрогдсон. Харин ч нийгмийн хамаг л сүр дуулиантай, болохгүй бүтэхгүй хэргүүд дээр залуу өмгөөлөгч нар л ажиллаж байна. Нөгөө талаараа чөлөөт зах зээл учраас хэн мэдлэг чадвартай байна тэр нь боломж бололцоогоо ашиглаад явах учиртай.
-Хуульчдын холбоо өмгөөлөгчдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байгаа учраас хуучин тогтолцоо руугаа эргэж орох асуудал яригдаад байгаа юм биш үү?
-Хуульчдын холбоонд Өмгөөлөгчдийн хороо гэсэн бүтэц бий. Харин тэр бүтцээ хэрхэн зөв зохион байгуулж үр дүнтэй ажиллах вэ? гэдэг дээрээ л анхаарах ёстой. Бүх өмгөөлөгч тус хороонд харьяалагдаад явж байна. “Өмгөөлөгчдийн холбоо” ТББ ч энэ бүтцийг олон жилийн туршлагаараа дэмжээд хамтарч ажиллахад болохгүй юм байхгүй. Заавал хуулиар чиг үүрэг, эрх мэдэл олж авах гэж улайрах шаардлагагүй юм. Үүний эцсийн үр дагавар нь өмгөөлөгчид төрийн захиргааны төв байгууллага, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын хяналтад орох учир тус хуулиар өмгөөлөгчдийн ажиллах эрх зүйн орчинг сайжруулах бус өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдалд шууд нөлөөлөх сөрөг үр дагавартай. Иймээс Өмгөөллийн тухай хуулийн төсөл нь үндсэн зорилго, үзэл баримтлалтайгаа зөрчилдсөн, хэсэг бүлгийн явцуу эрх ашиг шингэсэн хууль гэдэг нь тодорхой харагдаж байна.
-Монгол Улсад хэрэгжиж буй хуулиуд амьдралд хэр нийцэж байна вэ, Хуульчид зохисгүй хууль тогтоомжийг батлуулахгүйн төлөө байр сууриа илэрхийлэх боломж байдаг уу?
-Нийгэм хөгжиж өөрчлөгдөхийн хэрээр тухайн харилцааг зохицуулж байсан эрх зүйн хэм хэмжээ зарим талаараа ач холбогдлоо алдах үе байдаг. Гэвч тухайн эрх зүйн харилцаа үндсээрээ өөрчлөгдөөд зарчмын томоохон шинэчлэл гарах нь бол тун ховор үзэгдэл. Бид аливаа зүйлийг өөрчлөх шинэчлэх дуртай хүмүүс шиг санагддаг. Гэхдээ түүний эх үндэс суурь нь өмнө явж л байдаг. Тиймээс аливаа хууль тогтоомжид залгамж чанар, нийгмийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх зэрэг олон шалгуур зайлшгүй байж тухайн эрх зүйн харилцааг зохицуулах боломжит хууль гарах, манайхны хэлдгээр хөрсөндөө шингэсэн сайн хууль батлагдах урьдач нөхцөл бүрддэг. Сүүлийн үед энэхүү хууль батлагдах үе шат өөрөө хэт улс төржих, хууль тогтоогчдод сайн хууль гэж лобидож сөрөг талыг дарах хандлага их байна. Үүнд хуульчдын оролцоо, санал байр суурь туйлын чухал бөгөөд мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг заавал харгалздаг байх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, бүх хуульчдыг нэгтгэсэн Монголын Хуульчдын холбооны саналыг хэлж байгаа юм. Хуульчдын холбоо нь хуулиараа хууль тогтооход бодлогын нөлөөлөл үзүүлэх эрх бүхий цорын ганц байгууллага. Хуульчид ч тус байгууллагаар дамжуулах, эсвэл хувь хуульчийнхаа хувьд өөрсдийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломжтой.
-Иргэд өмгөөлөгчөөр эрхээ хэрхэн хамгаалуулах талаар ойлголт тун бага байдаг. Та Төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх хорооны тэргүүнээр ажилладгийн хувьд юу гэж зөвлөх вэ? Танай хорооноос иргэд яаж туслалцаа авах вэ?
-Өмгөөлөгчийг иргэд өөрсдийн найз нөхөд, танил тал, урьд нь хэргийг хэрхэн шийдүүлж байсан туршлага зэрэг мэдээллээс үндэслэж, өөрсдийн итгэл үнэмшлээрээ ихэвчлэн сонгож авч байна. Гэвч энэхүү мэдээллүүд бол мэдээж хангалтгүй. Наад зах нь Хуульчдын холбооны өмгөөлөгчдийн лавлагаанаас товч намтар, анкетыг нь харах, Мэргэжлийн хариуцлагын хорооноос арга хэмжээ авагдаж байсан эсэх талаарх лавлагаа хүсэх зэрэг өөрсдийн мэдээллээ бататгах чиглэлийн мэдээллүүдийг нэмэлтээр олж авч болно. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо бол сайн дурын хороо бөгөөд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн, гишүүдээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Нэрнээс нь харахад л төлбөрийн чадваргүй буюу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нийгмийн эмзэг бүлгийнхэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилготой хороо юм. Одоогийн байдлаар 200 орчим гишүүн хуульчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд иргэд Хуульчдын холбооны Тамгын газраар дамжуулан харьяа хорооны тодорхойлолт, өөрийн хүсэлт зэрэг бичиг баримтыг бүрдүүлээд хандахад л хорооны үндсэн чиг үүрэг учраас шаардлага хангасан бүх хүнд өмгөөлөгч томилж өгч байгаа.
-Хуульчид сайн дураараа нэгдэж ийм үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зүйл байна уу?
-Хуульчдын холбооны нэг хороо учраас тодорхой санхүүжилтийг жил бүр шийдүүлж байна. Энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуульчдыг урамшуулах асуудлыг бас холбогдох дүрэм, журамдаа оруулаад хүрээгээ тэлэх бодлого барьж байна. Орон нутагт, алслагдсан сум, багийн иргэдэд хүрч ажиллахад санхүүжилт, очиж ажиллах боловсон хүчнээс авахуулаад тодорхой хүндрэлүүд гарч байгаа боловч үүнийг шийдээд явахыг хичээж ажилладаг.
-Таныг 2017 оны шилдэг про боно хуульч болсон гэж сонссон. Энэ шагналыг ямар шалгуураар олгодог вэ?
-Тийм ээ. Би 2016 оноос “Иргэний хамгаалалт” ТББ-аар дамжуулан Өмгөөллийн нөхөрлөлөөсөө зохих санхүүжилтийг нь гаргаж, сайн дурын үндсэн дээр иргэдэд анхан шатны хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөх, шаардлагатай зарим иргэдэд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаад 2017 онд хүрээгээ тэлж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран гэр бүлийн эрх зүйн чиглэлээр эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласныг маань Хуульчдын холбоо үнэлж тус шагналыг олгосон. Энэхүү үйл ажиллагаандаа урамшиж 2018 онд Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөлөл үйлчилгээ үзүүлэх хорооны тэргүүний сонгуульд өрсөлдөж, тус хорооны даргаар сонгогдоод ажиллаж байна. Про боно гэдэг бол хуульчийн цэвэр сайн дурын үнэ төлбөргүй, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах олон талт арга хэлбэрийг хэлдэг. Тухайлбал, амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, шүүхийн маргаанд өмгөөлөгчөөр оролцох, олон нийтэд эрх зүйн сургалт хийх гэх мэтийг нэрлэж болно.
-Та хуульч, өмгөөлөгч биш хувь хүнийхээ хувьд өөрийгөө илэрхийлбэл?
-Аливаа юм үнэнээрээ сайхан. Бусдад тоогдох гэж хичээлгүй өөрийн чаддаг, мэддэг зүйлдээ эзэн болоод явж байвал болно гэж үздэг учраас “өөрийн бодол өөртөө зөв”, “эзэн хичээвэл заяа” хичээнэ гэдэг зарчмаар л явж байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

“Golden news” сэтгүүл. 2019.03 сар №03

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …