“Хануй филм” Төрийн бус байгууллагаас Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулах гэж байна.
“Холливуд Монголд” ирэх тавдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд Улаанбаатарт болох бөгөөд нийт гадаадын 16 зочин албан ёсоор хүрэлцэн ирэх юм байна. Тэдний дунд Холливудын “А” зэрэглэлийн, дэлхийн дахинаа нэрд гарсан кино жүжигчид, найруулагч, зураглаач, продюсер зэрэг уран бүтээлчид ирэхээр болжээ.
Наадмын хүрээнд “Кино урлагийн нэгдсэн форум” зохион байгуулагдах бөгөөд зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө тавилт, дистрибюшн, хуулийн орчин, кино фестиваль зэрэг сэдвийн хүрээнд Холливудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн сургалт, үзэсгэлэн зохион байгуулагдах аж.
Түүнчлэн Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэх ирэх юм байна.
“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадамд Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломж нээгдэх юм.
“Хануй филм” Төрийн бус байгууллагаас наадмыг цаашид хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Нараа