Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж, 2018 оны ногдол ашгаа бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах болсноо мэдэгдлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд өнгөрсөн жил өндөр ашиг орлоготой ажилласан, татвар хураамжаа төлөөд, 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлдсэн тооцоо гарсан. Энэ оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 193,5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа ч мөн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ХЭХ-ын өмнөх өдөр мэдээллээд амжлаа. Энэ бүх тоон үзүүлэлт монголчууд “Эрдэнэс Тавантолгой” гэж удахгүй Эрдэнэтийг ардаа хол орхих бас нэг “саалийн үнээ”-тэй болсныг мэдрүүлж буй. Хэвлэлд ил болсон, эдийн засагчдын тооцож гаргасан тооцооллоор тус компани өнгөрсөн оны ашгаасаа нэгж хувьцаанд 25-50 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой байв. ТУЗ нь нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргасан ч ҮАБЗ-ийн зөвлөмж чиглэл, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу иргэдэд бэлэн мөнгө тараахгүй, харин төмөр зам ба бусад том төсөл, бүтээн байгуулалтдаа ашгаа зарцуулахаар болж, энэ шийдвэрийг ч иргэдийн зүгээс төдийлөн эсэргүүцсэнгүй. Зарим нэг ТББ, эдийн засагч нэртэй улстөрчид “Иргэдэд ногдол ашиг өгөх амлалтаасаа буцлаа, жагсана, тэмцэнэ” гэж улс төрийнхөө гол сэдвээ болгохыг хичээж байгаа болов ч иргэдийн ч, эдийн засгийн ч, “Эрдэнэс Тавантолгой”-н ч ирээдүйгээ бодвол ногдол ашиг гэх бэлэн мөнгө тараах нь алсдаа үр ашиггүй гэдгийг олон эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид илэрхийлж, санал нийлж байх шиг байна.
Гэхдээ иргэдэд очих ёстой ногдол ашгийг оруулсан төсөлдөө хөрөнгө оруулалт хэлбэрээр хувьцаа эзэмшүүлэх байдлаар худалдан авах ёстой гэсэн санааг зарим эксперт гаргажээ. Тийм боломж бий юу? Компанийн тухай хуулийн 46.7-д “Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно” гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК нь өөрийн жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн давуу эрхийн хувьцаагаар хуваарилах нөхцөл боломжийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн хүрээнд судалж эхэлсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, иргэдэд өгөөгүй ногдол ашгийн төлбөрт Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын компаниудын хувьцааг өгнө гэсэн үг. Энэ нь ч эдийн засагтаа төдийгүй иргэдэд ашигтай тусна. Учир нь, төмөр зам бол өөрөө өгөөжтэй салбар. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гэхэд л долоохон жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоо байдаг. Тийм болохоор иргэдэд 26800 төгрөг нэг удаа өгснөөс ашигтай ажиллах нь тодорхой өөр нэг компанийн хувьцаа эзэмшүүлэх нь зөв сонголт байж мэднэ. Товчхондоо “Эрдэнэс Тавантолгой” төмөр замд хөрөнгө оруулж, тэр хөрөнгөндөө таарсан хувийг үнэт цаас хэлбэрээр Тавантолгой төмөр зам компаниас эзэмшинэ. Энэ нь 1072 хувьцаа эзэмшдэг иргэдэд ч хамааралтай болж, төмөр замын компанид давхар хувь эзэмшигч болно гэсэн үг. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийн үндсэн ашиг болон дагалдах үр ашигтай төслүүдээс орох ашиг гэсэн байдлаар давхар ашиг хүртэх хэлбэр нь маргаашийн бодит өгөөжийг тооцсон тооцоолол байх боломжтой гэж харагдаж байна.
Эх сурвалж: News.mn Д.ЭНХБАТ