Арван сар тээж төрүүлсэн алаг үрээ ад үзэх нь хүний ёсноос гажсан хэрэг. Гэтэл өнөөгийн энэ хатуу хахир нийгэмд төрсөн үрээ төөрүүлж хаях нь энгийн үзэгдэл мэт, эмэгтэйчүүд ээжүүд маань элдэв араншин гаргах болж.
Хамгийн сүүлд гэхэд л хятадад дөнгөж төрсөн үрээ бохирын шугам руу хийсэн хэрэг гарч, аймшигт хэрэг үйлдсэн эхийг нь тогтоож, хүндээр шийтгэхээр яригдаад байгаа. Тэгвэл төрөөд удаагүй байгаа хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлж байсан билээ.
Хахир ээж төрөөд гурав хонож байгаа нялх үрээ гурван давхраас шидсэн аймшигтай хэрэг үйлджээ. Өчигдрийн өдрийн 12 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх 12 давхар байранд уг хэрэг гарчээ.
Байрны оршин суугч эмэгтэй цагдаагийнханд дуудлага өгчээ. Тэрбээр хэлэхдээ “Гэртээ орж явахад нь орцонд хүүхэд тэвэрсэн эмэгтэй таарсан гэнэ. Гэртээ ороод удаагүй байхад нь хогийн цэгт нь юм хаях чимээ гарч, цонхоороо хартал хүүхэд тэвэрч явсан бүсгүй маш хурдан гүйж байхыг нь хараад сэжиглэн, цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэжээ.
Азаар хүүхэд эсэн мэнд байсан байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд харласан дотортой эхийг саатуулсан эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: чухал.мн