Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол оронд тавтай морилон саатахыг хүсээд, “Монгол, Азербайжан хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд бидэнд түүх, соёлын адил төстэй зүйл олон бий. Энэхүү айлчлал хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэлээ.
Тэрбээр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотод 2018 оны 11 дүгээр сард зочлох үеэрээ Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд Монголын болон Азербайжаны талууд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олсон ололт амжилт болон мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлын туршлагаа харилцан хуваалцах, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдох мэдээ мэдээлэл солилцох, авлигын эсрэг уулзалт, хурал, семинар, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах зорилтуудыг тусгасан.
Хоёр байгууллагын нийгмийг эрүүлжүүлэх чиглэлийн хамтын ажиллагаа цаашид харилцан үр өгөөжтэй, амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Ноён Камран Алиев хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, манай хоёр орны харилцаа баялаг түүхтэй. Түүх, соёлын арвин баялаг уламжлалтай танай оронд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын урилгаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна гэлээ. Мөн хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа уламжлалд түшиглэн амжилттай хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгчийн нөхөрсөг дотно харилцааг онцлон тэмдэглэмээр байна гэв.
Тэрбээр Монгол Улсад байх хугацаандаа АТГ болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах бөгөөд энэхүү айлчлал зөвхөн хоёр байгууллагын хооронд биш, хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал гэж үзэж байна хэмээн тэмдэглэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Азербайжаны мэргэжилтнүүд социализмын үед Монгол орны бүтээн байгуулалтад олноор оролцож байсныг шинэ үед бид үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой. Азербайжан бол нефть, хий зэрэг байгалийн нөөц баялгаа зохистой ашиглаж, баялгийн сан бий болгох, тэрхүү хөрөнгөө улс орныхоо хөгжил дэвшилд зориулах талаар ихээхэн туршлага хуримтлуулсан нь бидний сонирхлыг татдаг. Манайх ч бас уул уурхайн салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ мэт төсөлд хоёр улс хамтран ажиллах боломжтой хэмээн онцолсон юм.
Ноён Камран Алиев төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа тэмдэглээд, хоёр улсын ажил хэрэгч түвшнийхэн, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Авлигын эсрэг газрын хэлтсийн дарга Эмин Мурсалиев, албаны дарга Сахиб Исмайлов, Рашид Махмудов, Тамгын хэлтсийн ахлах прокурор Исфандияр Хажиев нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.