Өнөөдөр манай улсад 800 орчим иргэн хорихоос өөр төрлийн ял эдэлж байна
ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, дэд хурандаа Б.Нямгомботой хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа болон түүний үр дагаврын талаар ярилцлаа.
-Өнгөрсөн хавар ШШГЕГ бүтэц, зохион байгуулалтдаа нэлээд өөрчлөлт хийсэн. Эл хүрээнд ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийг газар болгон өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн хорихоос өөр төрлийн ял эдэлж байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар, Хууль зүйн яамны эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх, дагаж мөрдөх эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулах, хэрэгжүүлэх алба нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх ажлын хүрээнд Хууль зүйн сайдын 2013 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт орж шинээр “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар”-ыг байгуулсан. Ингээд ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс маань газар болон өргөжсөн.
Яг өнөөдрийн байдлаар торгох ялтай 60 гаруй, эд хөрөнгө хураах ялтай 130, албадан ажил хийлгэх ялтай 50, тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялтай 570 иргэн байна. Нийт 800 орчим иргэн хорихоос өөр ял эдэлж байна.
-Ингэхэд тухайн этгээдэд хийсэн хэргийнх нь төлөө хорих ял оноохоос илүү хорихоос өөр төрлийн ялыг түлхүү оногдуулахыг зорих болсон нь ямар учиртай юм бэ?
-Манай улсын Эрүүгийн хуульд нийт 225 үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг бөгөөд үүнийг үндсэн, хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх байдлаар задалбал 449 үйлдлийг гэмт хэрэгт тооцож ял оногдуулах бөгөөд үүний 330 зүйлд хорих ялыг үндсэн ялын чанартай оногдуулахаар заасан.
Ингэснээр шүүхээс хорих ялыг түлхүү хэрэглэж байна гэж үзэж болно. Тухайлбал УДШ-ийн 2010-2012 статистик судалгаагаар нийт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 75-77 хувьд нь хорих ял оногдуулсан нь үүнийг гэрчилнэ.
Гэтэл хорих ялын үр нөлөө өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгмээс тусгаарлан тэдний сонгох, сонгогдох, хурал цуглаан зохион байгуулах, гадагш зорчих эрхийг хязгаарлахаас өөрөөр ямар ч үр нөлөөгүй гэдэг нь судалгаагаар тогтоогдож байгаа. Өнөөдөр хорих ял нь эдийн засгийн хувьд зардал ихтэй. Төр тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэхээс эхлээд хорих газарт хүргэж эргээд суллах хүртэл бүх зардлыг өөртөө хүлээж, маш их ачаалал авч байна.
Тухайн ялтныг хооллох, хувцаслах, дулаан орон байранд байлгах гэх мэт урсгал зардалд өдөрт 10.000 гаруй төгрөг зарцуулдаг. Үүнийг ял эдэлж буй ялтны тоогоор үржүүлж үзвэл жилд хэдэн тэрбум төгрөг гарна. Нөгөөтэйгүүр олон жил хорих ял эдэлсэн этгээдүүд суллагдахаараа нийгэмд дасан зохицож чаддаггүй, мэргэжил боловсролгүй, найз нөхдийн хүрээлэлгүй болчихсон байдаг.
Тийм учраас хорих ялын нийгэмд үзүүлэх үр нөлөө нь төдийлөн өндөр байдаггүйг дэлхий нийт хүлээн зөвшөөрч аль болох хорихоос өөр төрлийн ялыг сонгож, гэмт хэрэгт нь тохирсон ялыг шударгаар оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэр бүл, нийгэмд нь байлгаж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухамсарлуулахад чиглэсэн ялын бодлогыг баримтлах хандлагатай байгаа үүнийг бид өнөөдөр ойлгох цаг болсон.
Хорих ял эдэлж байгаа хүн бүхэн муу хүн биш. Бид тэднийг хорих газар биш хамт олон, найз нөхөд, гэр бүлд нь байлгаж ял эдлүүлж нийгэмшүүлэх нь чухал байгаа учраас сүүлийн үед хорихоос өөр төрлийн ялын талаар судлаачид их ярьж байна л даа.
-Мэдээж хүний амь насыг санаатай, санамсаргүйгээр хөнөөсөн хүнд хорихоос өөр ял оногдуулахгүй нь лавтай. Харин Засгийн газраар хэлэлцэгдэж буй Гэмт хэргийн тухай шинэ хуульд ямар хэрэг хийсэн хүнд хорихоос өөр ял эдлүүлэхээр заасан бэ?
-Хууль зүйн яамны сайт дээр тавигдсан Гэмт хэргийн хуулийн төслөөс харахад гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөлийг харгалзан гэмт хэргийн хор аюулаа арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх мэт олон нөхцөлийг харгалзаад хорихоос өөр төрлийн ялыг оногдуулахаар заасан байсан.
-Хууль ч яах вэ, батлагддна биз. Гагцхүү хорихоос өөр ялыг хэрхэн хэрэгжүүлэх нь сонин байна л даа?
-Хяналт яаж тавих талаараа ярьж л байна. Тухайлбал “JPS” систем ашиглаад хяналтыг тавих асуудал яригдаж байгаа. Ингэхдээ биечилсэн болон техникийн хяналтыг хослуулж тавих тал дээр судалгааны ажлыг хийж байгаа. Хамгийн гол нь ял гарцаагүй биелдэг байх нь чухал.
-Тэгвэл дэлхий нийтийн жишгээр хэрхэн хяналт тавьж хэрэгжүүлдэг юм бол?
-Техник технологийн хөгжлийн дэвшлийг ашиглаад “JPS” ашиглан хяналтыг тавьж байна. Шүүхээс тухайн хүнийг зорчих, хориглосон үйлдэл хийх, гэрийн хорионд байлгах гэх мэт хяналтыг ихэвчлэн цахилгаан бугуйвч, суурин болон хөдөлгөөнт телекамерийг ашиглан хийж байна.
Энэ хяналтыг “JPS” ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд хязгаарласан хориглолтыг зөрчвөл төвд хяналтын дохиолол өгч түүний дагуу хяналтын ажилтнууд шалгах байдлаар хэрэгжүүлж байна. Манай газар энэ чиглэлээр гадаадын улс, орнуудын туршлагыг ч судалж байгаа.
-Гэхдээ тухайн этгээд хорихоос өөр төрлийн ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэгт орооцолдохыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Тийм ээ, үгүйсгэх аргагүй юм. Хяналтын тогтолцоог төр, төрийн бус байгууллага, ард иргэд бүгд тавьдаг болбол энэ асуудал байхгүй болох магадлалтай.
-Яг ийм тохиолдолд тухайн этгээдэд оногдуулах ялын хэмжээ нэмэгдэх үү?
-Мэдээж нэмэгдэнэ. Одоо мөрдөж байгаа эрүүгийн хууль болон шинээр гарах гэж буй хуульд ч бий. Хорихоос өөр төрлийн ял эдлэхээр шийтгүүлсэн этгээд хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үлдсэн хугацааг нь хорих ял болгон шилжүүлнэ.
-Хэдийгээр энэ мэт сайн тал олон байгаа ч нөгөөтэйгүүр хорихоос өөр төрлийн ял эдлүүлснээрээ гэмт хэрэгт орооцолдох залуусын тоо эрс нэмэгдэх юм биш үү. Үгүй гэх баталгаа алга байна шүү дээ?
-Нийгмийн хөгжлийн чиг хандлагаа дагах ёстой. Болохгүй гээд байвал бүгд л болохгүй шүү дээ. Хуулиар зохицуулаагүй маш олон харилцаа үүсээд байхад бид болно гээд байгаад байж болохгүй. Нийгмийн хөгжлөөс эрх зүйн шинэтгэл нь түрүүлж хийгдэх ёстой гэж би үздэг.
-Аливаа нэг байгууллагад ажилд ороход өмнө нь ял эдэлж байсан эсэхийн лавлагаа шаарддаг. Гэтэл өмнө нь хорихоос өөр төрлийн ял эдэлсэн иргэн ажилд орохдоо өөрийгөө ял эдэлсэн гэх үү, эдлээгүй гэх үү?
-Энэ асуудлыг хууль зүйн яам шийдвэрлэсэн. Хорих ял эдэлж байгаад суллагдсан этгээд ажилд орох нийгэмшихэд нэг том саад бол энэ лавлагаа. Үүнийг хууль зүйн яам хувь хүн авдаг байсныг болиулсан. Тэгэхээр энэ асуудал хойшид хүндрэл болохгүй байх гэж бодож байна.
Б.Төрбат