Наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотод “Дэлхийн дуу хөгжим” олон улсын хөгжмийн наадам уралдаан 12 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд дэлхийн 75 орны уран бүтээлчид, 33 орны хамтлаг уран бүтээлээрээ өрсөлдсөн байна.
Энэхүү уралдаанд Монгол Улсаа төлөөлж эмэгтэй уран бүтээлчдийн “Хатан” хамтлаг амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлснээр Монгол Улсынхаа амжилтыг ахиулж чаджээ. Тус наадам нь хоёр жилд нэг удаа Узбекистаны Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог бөгөөд UNESCO-ын биет бус соёлын өвд бүртгэгдсэн дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг юм. “Хатан” хамтлаг 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус хамтлаг нь шанз, морин хуур хөгжимчин Ж.Энхтуяа, хөөмэйч Π.Өсөхжаргал, шанз, ятга хөгжимчин Н.Уранчимэг, морин хуурч Н.Хулан, бүжигчин Ц.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Монгол үндэстнийхээ ардын урлагийг Европын болон дэлхийн орнуудад танилцуулдаг.
Тус хамтлагийн уран бүтээлчид уран бүтээлээ өөрсдөө зохиож найруулдаг бөгөөд энэ удаагийн наадамд Хатан, Бөө, Говь , Бүсгүйн заяа бүтээлүүдээрээ оролцжээ.
Оногдсон 20 минутын хугацаанд Монгол хөгжмийн баялаг дуугаралт монгол ёс заншлаа таниулахыг зорьж уг бүтээлүүдээ бэлдсэн байна.