Б. Жаргалсайхан: “Надтай Үлдээч” жүжигт охин үрийнхээ төлөө санаа зовж буй аавын дүр дээр ажиллаж байна

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”, Ц.Балдоржийн зохиол “ХАЙРЫН ВИЗ” жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тэгвэл Улсын Драмын Эрдмийн театрын 2019 оны гурав дахь шинэ уран бүтээл болох зохиолч О.Элбэгтөгсийн зохиол, залуу найруулагч СТА А.Чингүний “Надтай Үлдээч” жүжиг 2019 оны есдүгээр сарын 6-ний өдөр буюу энэ Баасан гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.


Шинэхэн жүжгээ үзэгчдийн хүртээл болгох гээд театрын жүжигчид найруулагч, гэрэлтүүлэгчид, хувцас загвар зохион бүтээгчид, нүүр хувиргагчид, тайз чимэглэгчид гээд бүгд л ажил ихтэй  байгаа энэ үед Драмын театрыг зорьж, завсарлагааны богинохон хугацаанд тус жүжгийн гол дүр Нандин охины аавын дүрд тоглож байгаа Монгол Улсын Гавьяат жүжигчин Б. Жаргалсайхантай цөөн хором ярилцлаа.

-Улсын Драмын Эрдмийн театрын энэ оны гурав дахь шинэ бүтээл болох “Надтай үлдээч” жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Жүжгийн бэлтгэл нь хэр хангагдаж байна вэ?

-Театрын энэ оны гурав дахь бүтээл болох “Надтай үлдээч” жүжгийн бэлтгэл бүрэн хангагдаад одоо тоглох өдрөө л тэсэн ядан хүлээж байна даа. Энэ жилийн онцлог гэвэл театраас залуу уран бүтээлчдийгээ дэмжих зорилгоор хоёр ч залуу найруулагчдад уран бүтээлээ театрын тайзнаа тавих эрхийг нь олгосон.

-Та театраас хоёр ч залуу найруулагчийг дэмжиж театрын тайзнаа өөрсдийн бүтээлийг тавих эрх олгосон гэж хэллээ шүү дээ. Ямар хоёр найруулагчдад эрх олгосон юм бэ?

-Хоёр хоногийн дараа үзэгчдийн хүртээл болох “Надтай үлдээч” жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа А.Чингүн болон Дорнод аймгийн Хөгжимт, драмын театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал нарт олгосон байгаа. Б.Мөнх-Амьдрал маань тун удахгүй жүжгийн бэлтгэл ажилдаа орно доо.

– Та “Надтай Үлдээч” жүжигт ямар дүр бүтээж байна вэ?

-“Надтай Үлдээч” жүжигт шигтгээ нь болсон гол дүрийн эмэгтэй Нандингийн аав Тогтохын дүрд тоглохоор бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Тогтохын дүрийг энгийнээр хэлбэл дөнгөж цэцэг нь ургаж гүйцээд дэлбээгээ дэлгэх гэж байгаа охин үрийнхээ төлөө санаа зовж буй аавын л дүр.

-“Надтай үлдээч” жүжгийг залуу найруулагч А.Чингүн найруулж байгаа. Залуу хүний удирдлагад доор ажиллах хэр байна даа. Та ахмад хүний хувиар хэр зөвлөж байна вэ?

-Найруулагч А. Чингүнтэй зөвхөн тайзны уран бүтээлээс гадна, олон уран сайхны кинонд хамтарч ажиллаж байсан. Ер нь сэтгэлгээний хувьд гэвэл манай А.Чингүн найруулагч сэтгэхүй сайтай залуу уран бүтээлч. “Надтай үлдээч” жүжгийн тухайд гэвэл залуу хүний хувьд туршлага дутах бага зэргийн асуудал гарч байгаа. Энэ тал дээр хэлж ярих зөвлөх зүйл байна л даа. Найруулагч А.Чингүн Соёл Урлагийн Их сургуулийн найруулагчийн ангийг Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийн удирдлага нь дор төгссөн шүү дээ. Ер нь А. Чингүний найруулсан жүжиг залуу хосуудад ухаарал хайрласан жүжиг болчих байх гэж дүгнэж байгаа шүү.

 

-Та өнгөрсөн хавар “Бүсгүйн зурвас” жүжигт гэр бүлийнхээ хүнтэй хамт тоглосон. Энэ удаад эхнэртэйгээ гурав дахь удаагаа хамтарч тоглох гэж байна. Амьдрал дээр та хоёр гэр бүл болохоор нэг уран бүтээл дээр гэр бүл болж тоглоход, бие биеэ ойлгоход илүү дөхөм байдаг болов уу?

– Театрын энэ оны хоёр дахь шинэ бүтээл болох найруулагч Н. Наранбаатарын найруулсан “Бүсгүйн зурвас” жүжигт ханьтайгаа хамтарч тоглосон. Одоо удахгүй үзэгчдийн хүртээл болох “Надтай үлдээч” жүжигт ч гэсэн хамтарч тоглох гэж байна. Найруулагч МУГЖ Г. Урнаа, Б. Жаргалсайхан нар энэ дүрд хамтран тоглох нь зөв юм байна гэж бодож сонгосон учир энэ дагуу ажиллаж байна. Гэр бүлийнхээ хүнтэй нэг жүжигт хамтран тоглоход дөхөм зүйлүүд байна л даа. Бид хоёр ч байнга дүрийнхээ талаар ярилцаж, үүнийг ингэвэл яасан юм бэ, цаад санаа нь энэ юм байна шүү гэх мэтээр ярилцахад их дөхөм байдаг юм.

-Надтай үлдээч жүжгийн дотоод хяналтын үзлэг өнгөрсөн долоо хоногт явагдсан гэж сонслоо. Хяналтын үзлэгээсээ жүжгийн баг бүрэлдэхүүн ямар үнэлгээ авсан бэ?

-Дотоод хяналтын үзлэгийг театрын найруулагч болон бусад томилогдсон хүмүүс үзэж үнэлэлт дүгнэлт өгдөг. Жүжгийг үзсэн хяналтын хүмүүс жүжгийг дажгүй боломжийн болсон байна гэдгээ хэлсэн. Мэдээж үзсэн хүмүүсийн заавар, зөвлөгөө байлгүй яахав. Бүх хүнд 100 хувь таалагдах албагүй, өөр өөрсдийнхөө үзэл бодол санаа сэтгэгдлээ А. Чингүн найруулагчдад хэлсэн байгаа. Жүжиг анх нэлээд урт байсан л даа , хяналтын үзлэгээр жүжгийн агуулгыг маш сайн авч үлдэж, хугацааны хувьд бага зэрэг багасгах санаануудыг зөвлөснөөр бүх цэвэрлэгээгээ хийгээд хүлээлтийн байдалтай сургуулилалтаа хийж байна даа.

– Та залуу хосуудад хандаж, амьдралд гарч буюу саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ахмад хүний хувиар зөвлөгөө өгөхгүй юу?

-Өнөө цаг үед залуучууд нэг үеэ бодвол хоорондоо нээлттэй ярилцдаг болсон байна. Зөв хүн болох тал дээрээ залуучууд өөрсдөө ухаантай хандаасай л гэж бодож байна. Амьдрал гэдэг их баялаг. Тийм учраас өөрийн зорилготой, хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй л байх л хэрэгтэй. Хоорондоо их сайхан илэн далангүй харилцаж, ойлголцож, хүнд өөрийн бодол санаагаа зөв илэрхийлдэг байх зэрэг олон талын зүйл дээр анхаарах цаг болсон байна гэж хэлмээр байна.

-Баярлалаа. Жүжгийн бэлтгэлтэй завгүй байсан ч бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд уран бүтээлийн амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …