Энэ сарын 17-оос 18-нд шилжих шөнө Налайхын “Мustang” баар, буудлын үүдэнд нэгэн эр автомашин дотроо зургаа буудуулж амиа алдсан байсан тухай мэдээлсэн билээ.
Тэгвэл эл онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй А.Мэндбаяр гэгч мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэрээр “Талийгаач Э нь сэжигтэн Мэндбаярыг байнга дарамтладаг байсан бөгөөд байхгүй хойгуур нь найз бүсгүйг нь хүчиндсэн. Тиймээс Э-д өш хонзон санан Хархорин захаас 12 сумтай буу худалдаж аваад Э-тэй уулзаж, хотоос зайдуу аваачин амь насыг нь хороосон” гэдгээ хүлээсэн гэнэ.
Дашрамд дуулгахад, талийгаач Э болон Мэндбаяр нар нь багын найзууд бөгөөд Э нь өөрийн ар талаараа сэжигтэнг байнга сүрдүүлж, дарамтладаг байсан аж. Мөн сэжигтэнг урд хөршид суралцаж байх хугацаанд түүний найз охин Д-г хүчиндсэн тул гэр бүлийнхэндээ хэлэлгүй нууцаар эх орондоо ирэн гэмт хэрэг үйлдсэн байна.
Одоо сэжигтэн А.Мэндбаярт Тусгай ангийн 91-р зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд найз бүсгүй Д-г нь гэрчээр татаад байгаа аж.