“Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-аас санаачлан зохион байгуулсан “ХОВД АЙМГИЙН УЯАЧДЫН ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД ХИЙХ ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ” 2013 оны 9-р сарын 26-аас 2013 оны 10-р сарын 10-ны хооронд амжилттай зохион байгуулжээ.
Эл аялалын хүрээнд:
-Эх орныхоо түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах ,төрийн тахилгат Алтан овоо болон Монгол түмний хурдан морьны шүтээн цогцолбортой танилцаж хүндэтгэл үзүүлэх.
-Төвийн болон зүүн бүсийн малчид уяачдын Монгол малын үүлдэр угсаа,үр өгөөжийг сайжруулах талаар туршлага судлах харилцан санал бодлоо солилцох
-Ховд аймгийн нийт малчид уяачдын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сум хоорондын залуу малчдыг танилцуулах, ахмад үеийн уяачидтай холбож адууны соёл, Монгол өв уламжлалыг хөгжүүлэн өвлүүлэх
-Ховд аймгийн адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулах зорилгоор угшил сайтай хурдан удмын адуу худалдан авахад дэмжлэг үзүүлэх зэрэг зорилгыг хэрэгжүүлсэн ажээ.
Тус аялалд Ховд аймгийн 17-н сумын төлөөлөл 120 гаруй малчид уяачид оролцсон бөгөөд Өвөрхангай,Төв, Хэнтий,Сүхбаатар аймгуудын нутгаар аялаж төвийн болон зүүн бүсийн аймгуудын уяач малчидтай уулзалт хийж туршлага судлан бүс нутгийн онцлог хийгээд Монгол адууны үүлдэр угсааг сайжруулах талаар санал бодлоо хуваалцлаа.
Мөн төрийн ордон Монгол Лусын ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагаатайтанилцаж,Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ажилтай танилцаж мэдээлэл солилцож, сургалтанд хамрагдсан болно.
Уг аялалын хүрээнд Ховд аймгийн уяачид зүүн болон төвийн бүсийн аймгуудаас нийт 213 адуу худалдан авсан бөгөөд 185-н толгой адуу Ховд аймагт тээвэрлэгдэн очоод байна.
Бидний аялалыг дэмжиж хамтран ажилласан Ховд аймгийн Засаг Даргын тамгын газар, ХХААЖДҮГ, Сумдын Тамгын газар, Ховд аймгийн 17 сумын уяачдын холбоонд талархал илэрхийлье.