… Галт бол ажил нь амжилттай яваа биснесмен эр. Харин түүний үзэсгэлэнтэй гэргий болох Гэрэл дүрслэх урлагийн сургуулийн багш бүсгүй. Тэд Тэлмүүн хэмээх есөн настай хүүтэйгээ аз жаргалтай амьдарна.
Галт нэг л өдөр ходоодны хорт хавдар хэмээх өвчинтэй нүүр тулснаар түүний болон гэр бүлийнх нь амьдрал орвонгоороо эргэнэ.
Аюулт өвчний талаар мэдсэн даруйдаа Гэрэл эр нөхрөө аван гадаад улс руу эмчилгээ хийлгэхээр явна. Нэгэнт дотор эрхтэнд үсэрхийлэн газар авсан өвчин тэдний насаараа хурааж хуримтлуулсан эд хөрөнгө болоод эрүүл биеийг нь ховх сорон авна. Гэсэн ч Гэрэл бууж өгөлгүй эр нөхрөө асрахын дээдээр асарч аюулт өвчинтэй тэмцэлдсээр байна.
“Одоо ямар ч эмчилгээ хийлгээд нэмэргүй. Бид өөрсдөөсөө шалтгаалах бүх л зүйлийг хийж дууслаа. Та бүхэн үлдсэн мөнгөө үр хүүхэд, гэр бүл, үлдсэн цаг хугацаандаа зарцуул” гэх үгийг сонсоод Гэрэлд тэнгэр хөмрөх шиг л болно.
….Хүний итгэл найдвар гэдэг хэзээ ч үл тасрах агуу зүйл ажээ….
Хүний туйлын хүсэл бол амьдрах юм. Дааж давшгүй зовлон гэж байдаггүй. Амьдрах хүсэл л тэр бүхнийг давж гардаг юм байна. Магадгүй, энэ ертөнцөөс одсон хойно нь л тэр хүнийг үхэлд ялагдсаныг хүлээн зөвшөөрөх биз ээ…..
Амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанарын тухай тухай өгүүлэх энэхүү бүтээлд залуу гэр бүл агуу хайрын хүчээр аюулт өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа тухай гарна.
Эд хөрөнгө, хүний амь нас мөнх биш бөгөөд зөвхөн хүн хүнээ хайрлах агуу их хайр л энэ ертөнцөд үлдэж агуу хайрын түүхийг мөнхөд дуурсган оршино …
Энэ бол “Хөнгөвчлөх өрөө” бүрэн хэмжээний уран сайхны киноны ерөнхий агуулга. Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, зохиолыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, зохиолч, яруу найрагч Ц.Баттуяа нар хамтран бичсэн бол, ерөнхий зураачаар Б.Цогтбаяр, нэгдүгээр найруулагчаар жүжигчин А.Баттүшиг, Д.Мягмар, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй болон “Логик фильм” бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж, ерөнхий продюсероор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гүйцэтгэж байна.
Л.Нинжжамц: Иргэдийг хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлж болдог гэдгийг ойлгуулахыг зорьж байна
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц:Бид хавдар судлалын үндэсний төв, “Хаан банк”-тай хамтран “Хавдрын эсрэг аян”-ыг зохион байгуулаад найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийнхөн Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа иргэдийг бүхий л үзлэгт хамруулсан. Зарим иргэн хавдрын өвчнөө хэт орой мэдсэн тохиолдол нэлээн гарч байсан. Тиймээс сүүлийн 2-3 жил элэг, ходоодны хорт хавдрын өвчлөлтэй түлхүү анхаарч ажилласан.
Энэ удаагийн кино төслөө бид “Хөнгөвчлөх өрөө” нэртэйгээр эхлүүлж байна. Энэ киногоор үзэгчид, иргэдийг жинхэнэ амьдрал дээрээ энэ өвчинтэй хэрхэн тэмцдэг, яаж даван туулдаг, ар гэрийнхэн нь хэрхэн дэм өгдөг тухай өгүүлнэ. Эцсийн эцэст бид энэ киногоороо хавдар гэдэг өвчнөөс хэн ч урьдчилан сэргийлж болдог юм гэдгийг харуулахыг зорьж байна.
Зургийн дарга Н.Отгонтогос: Бид МҮОНРТ-ийн захиалгаар “Хөнгөвчлөх өрөө” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо зураг авалтыг өнөөдөр эхлүүлж байна. Утга санаа нь хавдрын өвчин ихэсч буй өнөө үед иргэдийгээ энэхүү аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрэв өвчилсөн бол цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатайг хэлэх гэсэнд оршиж байгаа. Энэхүү кинонд хайр дурлал, драм, инээдэм гээд амьдралд тохиолддог бүхий л үйл явдал өрнөнө. Хоёр гол дүртэй. Үүнд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Баярмаа нар тоглож байгаа. Нийтдээ 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Харин ерөнхий массыг миний байгуулсан “Тогос” агентлаг бүрдүүлж байна. Гэхдээ гар бие оролцож ажиллаж байгаа нийт хүний тоог багцаалбал 500 гаруй болох байх. Ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж бидэнтэй ярилцаж байгаад дээрх хоёр уран бүтээлчийг гол дүрдээ сонгосон. Зураг авалтаа ирэх арванхоёрдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа бол үүний дараа өнгө шүүлт, компютер график хийгдэж, 2020 оны эхний улиралд үзэгчиддээ хүргэнэ.