Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тус кино нь өнгөрсөн есдүгээр сард ХБНГУ-д зохион байгуулагдсан Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн юм. Тэгвэл АНУ-д зохион байгуулагдсан 23 дахь удаагийн олон улсын “San Diego” наадамд амжилттай оролцож “Шилдэг уран сайхны кино”-гоор шалгарсан талаар киноны багийнхан өчигдөр /2019.10.20/ мэдээллээ.
Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан юм.
Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид тоглосон билээ.