2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна.
Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп” сангийн цом, цом аялуулах удирдамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй болох зуны олимпын наадамд оролцох эрхийг илүү олон тамирчин авч, амжилтаа ахиулан оролцохыг хүсэн ерөөв.
Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн 8 тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна. Мөн багийн спортын төрлөөр анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авсан билээ.