Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 10-р сарын 4-р долоо хоногийн (2013 оны 10-р сарын 23) ажиглалтаар өмнөх долоо хоногоос 13 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 15 нэрийн барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
2013 оны 10-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6870 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7826 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 56 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6930 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 44 төгрөгөөр нэмэгдэж, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2013 оны 10-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 950-1250 төгрөг, 1-р зэргийнх 650-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 950-аас 1050 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 1000 төгрөг, 1-р зэргийн гурил 700 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2013 оны 10-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.1 хувиар буюу 7 төгрөгөөр буурч, монгол лууван 1.1 хувиар буюу 10 төгрөг, монгол манжин 2.5 хувиар буюу 22 төгрөг, хятад сонгино 2.5 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус өсчээ.