Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэл, амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” Монголын уран сайхны киног энэ сарын 21-нээс эхлэн Univision, Look TV, DDISH TV-гээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул-Эрдэнэ , идэр насны дүрийг Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг насны дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар бүтээжээ.
Харин Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн залуу насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба, А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская нар бүтээсэн юм. Үүнээс гадна Зөвлөлт Холбоот Улсын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев нарын уран бүтээлчид бүтээсэн байна.
Тэгвэл уг киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажилласан бол киноны уран сайхны зөвлөхөөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат, түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажилласан юм.