Баруун хойд Европыг хүчтэй шуурга дайрсны улмаас 13 хүн амиа алдсан тухай ВВС агентлаг мэдээллэв.
Амиа алдсан иргэдийн ихэхи нь булгарч унасан мод, байшингийн дээвэр зэрэг элдэв зүйлд даруулж, цохиулан амиа алдсан байсан бөгөөд нас барагсдын 6 нь Германд, нэг нь Францад амиа алджээ. Хамгийн харамсалтай нь бага насны хоёр хүүхэд машин дотроо амиа алдсан бол Франц, Британид хоёр эмэгтэй далайн давалгаанд цохиулж амиа алджээ. Мөн Францад 42 мянган айл, Их Британид 600 мянган айл шуурганд өртөн цахилгаан, эрчим хүчээр тасарсан байгаа аж.
Хар шуурганаас болж Лондон болон баруун хойд Германд галт тэрэгний үйлчилгээ зогсч, Герман, Нидерландын Шифолийн нисэх онгоцны буудалд 50 гаруй нислэг цуцлагдсан байна. Цаг уурчдын мэдээллэж буйгаар шуурга цааш Скандинавын орнуудыг дайрахаар чиглэж байгаа гэнэ. Тиймээс Дани, Швед улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шуурганд хамгийн их өртөх магадлалтай бүсүүдээс иргэдийг нүүлгэх арга хэмжээ авахад бэлдээд байгаа ажээ.