Жил бүр БНСУ-д Уламжлал болгон зохиогддог Дэлхий Уламжлалт харвааны Фестивальд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн МУ-мэргэн харваач С.Баярмаа, МУ-ын мэргэн харваач Д.Норжмаа, Монгол улсын гоц мэргэн Х.Оюунчимэг нар эхний гурван байрыг эзлэн амжилттай оролцоод ирлээ. Тус тэмцээнд 31 орны 450 гаруй тамирчин оролцож долоон төрлийн байнд 36 зэвт сум тавьсан гэнэ. Тус Фестивалийн нэгэн онцлох үйл явдал болсон нь МУ-ын гоц мэргэн харваач Д.Норжмаа 54 оноогоор Уламжлалт харвааны Дэлхийн дээд амжилтыг эвдэн, өмнөх амжилтыг нь шинжилсэн байна. Ийнхүү Монголын эмэгтэй харваачид орон орны тамирчдыг гайхшруулсан амжилттайгаар эх нутагтаа ирлээ.
Сүүлийн жилүүдэд манайд уламжлалт харваагаар хичээллэгсэдийн тоо өсөж байна. Монголын үндэсний сурын холбооноос энэ жил шинээр 120 гаруй харваач бүртгэгдсэн бөгөөд улс орнуудтай харилцан хамтарч ажиллах зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.