“Копуудыг алмайруулсан 100 шилдэг тоглогч”

 Ливэрпүүлийн үндсэн цахим хуудаснаа “Копуудыг алмайруулсан 100 тоглогч” жагсаалтын шинэчилсэн хувилбар гараад байгаа бөгөөд бид энэхүү жагсаалтад нэр багтсан эрхмүүдийг танилцуулах гэж байна. 

2013 оны эхээр багийн үндсэн сайтаас санаачлан дэлхий даяар тархан оршин суух хэдэн зуун сая Копуудад хандан дээрхи санал асуулгад оролцож 154 тоглогчоос 100 шилдгийг тодруулах хүсэлт тавьсан юм.

Cанал асуулгын дүнгээр жагсаалтад хэр өөрчлөлт орсон бол гэдэг тун сонирхолтой байгаагаас гадна Хаан Кэнни 2006 оноос хойш манлайлж буй тэргүүн байраа хадгалж үлдсэн эсэх, Луис Суарэз Фэрнандо Торрэс нар хэддүгээр байранд орсон зэргийг та бүхэн удахгүй мэдэх болно.

Ингээд “Копуудыг алмайруулсан 100 тоглогч” цувралд тавтай морил.

100-р байр: Жои Жонс

 

Төрсөн он сар өдөр – 1955 оны 3 сарын 4
Төрсөн газар – Лландадно, Уэльс
Ливэрпүүлд 1975 – 78 онд тоглож байсан.
Байрлал – Зүүн ар
Хаанаас ирсэн – Рэксхэм
Хаашаа явсан – Рэксхэм
Өмнөх жагсаалтад эзэлж байсан байр – 63
Тоглосон тоглолт – 100
Оруулсан гоол – 3 

Домогт Боб Пэйслигийн Рэксхэм багаас авчирч байсан энэ залуу хатуу ширүүн таклаараа алдартай байсан нэгэн бөгөөд Анфилдийг олон ч удаа уулга алдуулж байсан удаатай. Ирсэн жилдээ л УЕФА-н аваргын цомыг хүртэж байсан тэрээр дараа жилд нь Английн аварга, Аваргуудын лигийн цомыг давхар хүртэхэд багагүй хувь нэмрээ оруулсан байна. 1978 оны 1 сард Ливэрпүүлийн төлөө 100 дахь тоглолтоо хийгээд төрөлх Рэксхэмдээ буцан очжээ.

1977 оны Аварга багуудын цом буюу одоогийнхоор Аваргуудын лигийн финал Италийн нийслэл Рим хотноо болоход Ливэрпүүлийн фанатууд Жои Жонсд зориулан “JOEY ATE THE FROGS LEGS, MADE THE SWISS ROLL, NOW HES MUNCHING GLADBACH” гэсэн баннэрийг дэлгэж байж… Энэ нь Улаануудын зүүн ар эхлээд Сэнт Этьэний мэлхийн хөлийг зооглоод дараа нь Швэйцарчуудээр рулэт хийн одоо Мюнхэнгладбахыг зажлах гэж байна гэсэн утгатай. / Сэнт Этьэн – Францын баг, Мюнхэнгладбах – Гэрманы баг /

Авсан шагнал – Английн аварга 1976/77, Аваргуудын лигийн аварга 1976/77, 1977/78, УЕФА аварга 1975/76, Европын Супер цом 1977.

Одоо эрхэлж буй ажил – Рэксхэмийн залуучуудын багийн дасгалжуулагч

99-р байр: Эндрю Ханна

Төрсөн он сар өдөр – 1864 оны 9 сарын 17
Төрсөн газар – Рентон, Шотланд
Ливэрпүүлд 1892 -95 онд тоглож байсан.
Байрлал – Хамгаалагч
Хаанаас ирсэн – Рэнтон
Хаашаа явсан – Роб Рой
Өмнөх жагсаалтад эзэлж байсан байр – Багтаагүй
Тоглосон тоглолт – 69
Оруулсан гоол – 1 

Ливэрпүүлийг үүсэн бий болохоос 3 жилийн өмнө Мэрсисайдад хөлбөмбөгчний замналаа эхэлсэн тэрээр тун сонирхолтой амжилтын эзэн юм байна. Эвэртоныг өрх тусгаарлан гарахаас өмнө ахлагчаар нь тоглож байсан Ханна дараа нь Ливэрпүүлийн ахлагч болсноор Анфилдад Мэрсисайдын 2 багийг 2-уулангийнх нь ахлагчаар тоглосон цорын ганц тоглогч болон түүхэнд үлджээ.

Тэрээр 1893 оны 9 сард Ливэрпүүлийн Английн лиг дэх хамгийн анхны тоглолтонд оролцож байсан бөгөөд тэр улирлын бүх тоглолтонд оролцож нэг ч хожигдол амсалгүйгээр багаа дээд лигт оруулах болзол хангахад тун чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ.

1895 оны 1 сард Ливэрпүүлийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийгээд төрөлх Шотланд руугаа буцжээ.

Авсан шагнал – Английн 2-р дивизионы аварга 1893/94

1940 онд нас барсан.

98-р байр: Дэвид Жонсон

Төрсөн он сар өдөр – 1951 оны 10 сарын 23
Төрсөн газар – Ливэрпүүл, Англи
Ливэрпүүлд 1976 – 82 онд тоглож байсан.
Байрлал – Довтлогч
Хаанаас ирсэн – Ипсвич таун
Хаашаа явсан – Эвэртон
Өмнөх жагсаалтад эзэлж байсан байр – 77
Тоглосон тоглолт – 213
Оруулсан гоол – 78  

Хүүхэд байхаасаа Ливэрпүүлийн фэн байсан ч Мэрсисайдын нөгөө баг болох хөхүүдийн бүрэлдэхүүнд тоглох болсон Дэвид домогт Билл Шанклигийн багтаа авах гэсэн тоглогчдын тоонд багтаж байсан гэнэ. 1971 онд дөнгөж 20-хон настай хүү Мэрсисайдын дэрбид гоолдож байж… Тэгээд 4 жилийн гэрээгээр Ипсвич таунд тоглосны дараа нь Боб Пэйсли 200 мянган паундаар Ливэрпүүлд авчирч байсан юм байна.

Ирсэн жилдээ л Английн аварга болон Европын цомуудыг хүртэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байсан Дэвид бэртлийн улмаас дараагийн улиралд нь санасан шигээ тоглож чадаагүй. 1978/79 оны улиралд тэрээр тун сайн тоглолтыг үзүүлж  37 тоглолтонд 18 гоол оруулсан байна. Дэвидийн Англи стилийн буюу агаарт, толгойгоороо тоглох чадвар тун өндөр байсан гэнэ. Док хочит тэрээр Хаан Кэннитэй хоршин тоглосон энэ улиралд нийт 27 гоолоор өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялаан багаа тайтл хүртэхэд маш их нэмэр болсон юм.

1981 оны Аваргуудын лигийн финалд Эзэн хааны баг Реал мадридийг буулган авахад тэрээр гарааны бүрэлдэхүүнд гарч байлаа. Тун удалгүй Ливэрпүүлд Иан Рашийн ноёрхол тогтож эхлэхэд Дэвид Жонсон хуучин баг болох Эвэртон руугаа буцаж очин замналаа үргэлжлүүлсэн байна.

Док хочит Дэвид Жонсон бол Ливэрпүүл болон Эвэртоны бүрэлдэхүүнд тоглохдоо аль алинд нь Мэрсисайдын дэрбид хожлын гоол оруулсан анхны тоглогч болсон сонирхолтой намтартай хүн.

Авсан шагнал – Английн 3 удаагийн аварга / 1976/77, 1978/79, 1979/80 / Аваргуудын лигийн 3 удаагийн аварга / 1976/77, 1977/78, 1980/81 / , Лигийн цомын 2 удаагийн аварга / 1981, 1982 /, Европын Супер цомын аварга 1977.

Одоо эрхэлж буй ажил – Орон нутгийн радиостанцуудад хөлбөмбөгийн эксперт хийж байгаа.

/Үргэлжлэл бий/

Эх сурвалж: ливерпүүлфс.мн О.Амарсайхан

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …