Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Чингис” бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр төлбөрийн байдлын талаар дараах мэдээллийг хийлээ.
1. “Чингис” бондын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд
Чингис бондын хөрөнгөөс Засгийн газрын 2011 оны 336, 2012 оны 47, 110, 2013 оны 80, 81, 82, 118, 124, 126, 141, 180, 263, 285 дугаар тогтоолуудаар батлагдсан авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, техник төхөөрөмжийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг салбарын 204 төсөлд2.0 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан ба үүнээс 2013 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар 837.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.
1. Авто замын төсөл хөтөлбөрүүд:Орон нутгийн авто замын төслийн хувьд 2013 онд шинээр хэрэгжих 9 зам барилгын ажил, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажил болон замын хяналтын зөвлөх үйлчилгээнд зориулан Чингис бондын хөрөнгөөс 570,0 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр Засгийн газрын 96, 124 дүгээр тоот тогтоолуудаар баталсан.
Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 256,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Одоогоор 1800 км зам баригдахаас 700 орчим км-ийг бүрэн хучиж, 250 орчим км-ийн суурийн ажил хийгдээд байна.
2. Гудамж төсөл: 2013 онд шинээр хэрэгжиж эхэлсэн “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн түгжрэл ихтэй уулзваруудыг өргөтгөж шинэчлэх, хөндлөн болон босоо тэнхлэгийн хурдны зам барих, гэр хороололын дундуур зам болон дэд бүтэц тавих ажлыг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр Засгийн газрын 81 тоот тогтоолоор баталсан. Төсөл хэрэгжсэний үр дүнд Нийслэлийн замын түгжрэл багасаж, замын нэвтрэлт сайжирч, замын хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Төсөлд 32.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож түгжрэл ихтэй, нэвтрүүлэх чадвар багатай 13 уулзварыг шинэчлэх зам барилгын ажил дуусч, Хүй 7 худаг цогцолборын ажлыг хүлээлгэн өгөөд байна. Одоогоор 3 уулзварын барилгын ажил дуусах шатандаа явж байгаа ба ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
3. Дэд бүтэц: Засгийн газрын 2013 оны 118, 285 дугаар тогтоолоор нийт 416.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төслийг 2013, 2014 онд хэрэгжүүлэхээс 2013 онд 200 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийг нийт 66 төсөлд олгоно. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил, Улаанбаатар хотын гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотын 7 орон сууцны хороолол болон Улаанбаатар хотын 10 гэр хорооллын цэвэр ус, бохир ус, цахилгаан, дулаан, кабелийн инженрийн шугам сүлжээг цогцоор нь шийдэх юм. Хорооллуудад инженерийн дэд бүтэц барьснаар Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургууль, хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, ахуйн үйлчилгээ, засварын төв, зочид буудал, оффис, олон нийтийн барилга, байгууламж баригдах нөхцөл бүрдэнэ. Инженерийн дэд бүтцийн төслүүдэд 60.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.
4. Техник тоног төхөөрөмж шинэчилэх төсөл: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж буй ноос, ноолуур, хүлэмж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдний техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулан 270.2 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкаар дамжуулан олгож байна.
5. Шинэ төмөр зам төсөл: Тавантолгой – Сайншанд – Чойбалсан, Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн нийт 1800 км төмөр зам барина. Төслийг Монголын Төмөр Зам ТӨХК удирдан зохион байгуулж байгаа ба “Шинэ төмөр зам” ХХК хэмээх төслийн компани байгуулан хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатайгаас Чингис бондын хөрөнгөөс 83,1 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна. Нийт ажлын 19,3% хийгдсэн ба 2015 онд ашиглалтад орох юм.
6. Тавантолгой цахилгаан станц байгуулах төсөл: Гэрээнүүдийн төсөл, тендерийн техникийн шаардлагыг сонирхогч 4 байгууллагад явуулсан. Геологи инженерийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн.
7. Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл: Тоног төхөөрөмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 7 сая ам.долларыг шилжүүлж тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын засвар, дэд бүтцийн шинэчлэл хийгдэж байгаа ба 1 жилийн хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
8. Төрийн орон сууцны корпорацийн төсөл: Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100.0 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэх зөвшөөрлийг Хөгжлийн банкинд олгосон.
Буянт-Ухаа орон сууц хорооллын барилгын ажилд зориулан эхний ээлжийн санхүүжилт болох 50.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас ТОСК-д олгоод байна.
9. Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих төсөл: Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоолоор төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих шийдвэр гарсан. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулахад 50.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг даалгасан.
Дотоодод барилгын арматур үйлдвэрлэх “Бэрэн групп” ХХК-ийн төсөл, экспортод зориулж төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх “Монлаа” ХХК, ”Монголросцветмет”ХХК, ”Монголиан метал майниг холдинг” ХХК-ийн нийт 4 төслийг санхүүжүүлэхээр төслийн бичиг баримтын бүрдүүлэлт, бичиг баримтын судалгаа, үйл ажиллагаатай нь очиж танилцах зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж байна.
2. Монгол Улсын гадаад өр төлбөрийн байдал
/1990-2013 он/
1. Загсийн газрын гадаад зээлийн тухай үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.