МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр/08.14/ Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг хурал нь 2020 оны 03 дугаар сард товлогдоод байсан болов ч дэлхий дахиныг хамран тархаад буй “COVID-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ.

Хурлыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нээж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулан удирдав. Хурлын төлөөлөгчид Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүнээр сонгогдож, Монголын олимпийн хөдөлгөөний түүхэнд шинэ хуудсыг нээсэн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт баяр хүргэж, амжилт хүслээ.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүгийн төсвийг хэлэлцүүлж, батлуулав.

Мөн МҮОХ-ны дүрэмд заасны дагуу МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн мэдээллийг тус зөвлөлийн Гишүүн Д.Энхбаатар хурлын төлөөлөгчдөд танилцууллаа. Хянан шалгах зөвлөлийн мэдээллийн хүрээнд МҮОХ-ны 2019 оны санхүүгийн болон дотоод үйл ажиллагааг Олимпийн харти болон МҮОХ-ны дүрэмд нийцсэн гэж дүгнэв.

Олимпийн харти болон МҮОХ-ны дүрэмд заасан шаардлагуудыг хангасан Монголын скуаш теннисний холбоо болон Монголын кёрлингийн холбоог олонхийн саналаар гишүүнээр элсүүлж, МҮОХ нийт 77 гишүүн холбоодтой боллоо.

4 жил тутамд зохион байгуулагддаг МҮОХ-ны Чуулганыг ОУОХ-ноос ирсэн зөвлөмжийн дагуу 2021 оны Токиогийн олимпийн наадмын дараагийн улиралд багтаан зохион байгуулах товыг батлав.

Хурлын үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгууль буюу МҮОХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшиж, нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдов.

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан нэрээ татсанаар нийт 3 хүн буюу Олон Улсын Залуучуудын Ногоон Наадмын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын рагбигийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Пүрэв-Очир нар өрсөлдлөө.

Нийт гишүүдийн олонхийн буюу 57.2 хувийн саналаар Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар сонгогдов.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …