Модон бөмбөгийн 2020 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Багануурт дүүрэгт зохион байгуулагдана

 Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн 2020 оны 09 сарын 12-13-нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх Цэнгэлдэх хүрээлэнд болно.

Ийнхүү модон бөмбөгийн тэмцээн Багануур дүүрэгт анх удаагаа зохион байгуулагдахаар бэлтгэл ажил амжилттай хангагдаж байна.

Тэмцээнд Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр аймгуудын болон нийслэлийн 20 гаруй байгууллага, их, дээд сургууль, клубын 100 орчим баг тамирчид оролцохоор мэдүүлгээ Монголын модон бөмбөгийн холбоонд (ММБХ) гаргажээ.

Энэ удаагийн тэмцээн нь хоёр үндсэн төрлөөр явагдана. Цохилтын төрөл ганцаарчилсан, баг, холимог хос, хосын ангилалд явагдана. Харин талбайн цохилтын тэмцээн нь шилдэг тамирчдын хооронд ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй төрлөөр зохион байгуулагдана.

Тэмцээнийг Монголын модон бөмбөгийн холбоо, Багануур дүүргийн ЗДТГазар, Багануур модон бөмбөгийн клубээс хамтран явуулж байгаа билээ.

Коронавирусын халдварын онцгой байдал зарлагдсан энэ үед Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын газраас модон бөмбөгийн УАШТ-ийг Багануур дүүрэгт явуулахыг зөвшөөрч ММБХ-нд албан тоот ирүүлээд байгаа юм.

Тэмцээнд оролцогчдыг Спортын төв ордны 104 тоот өрөөнд 2020 оны 09 сарын 11-ныг хүртэл өдөр бүр 09.00-18.00 цагт бүртгэх үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. ММБХ-ны 311947, 88198123 утсаар холбогдон мэдээллээ авч болно.

Энэ онд модон бөмбөгийн төрлөөр ямар нэгэн тэмцээн зохион байгуулагдаагүй учир энэ спортоор хичээллэгч тамирчид, сонирхогчид улсын аваргын тэмцээнд олноороо оролцох, спортын ур чадвараа сорин, спортын цол зэргээ ахиулан өрсөлдөхөөр хот, хөдөөд бэлтгэлээ сайтар хангаж байна.

МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …