Туркийн фото зурагчин Жемаль Гүлас, Сечил Икиз нарын “Азийн аялал” хэмээх сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 2-ны өдрөөс Туркийн Измир хотод нээгдэв.
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь тэдний 2018 онд Монголд хийсэн аяллын зургууд бөгөөд үзэсгэлэнт байгаль, нүүдэлчний амьдралын хэв маягийг тод харуулсан байна.
Жемаль Гүлас АНУ, Голланд, Шинэ Зеланд, ОХУ гэх мэт дэлхийн олон орнуудаар аялж, 1988 оноос хойш хэд арван гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Land of the clouds хэмээх баримтат киноны зураг авалтын арын хэсэгт өрнөсөн түүхийн талаар 10 үзэгдэлт нэвтрүүлэгийг бэлтгэн Туркийн CNN сувгаар гаргаж байжээ.
1998 онд тэрээр Хойд туйлд аялаж үзсэн аж. “Азийн аялал” гэрэл зургийн үзэсгэлэн 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэн гаргахад Измир хотын захирагчийн алба дэмжлэг үзүүлж, Турк Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ хамтран ажиллажээ.