Ертөнцөд амьтай болгон сүнстэй төдийгүй эзэнтэй байдаг агаад тэдгээр эздийг савдаг, навдаг, живдаг гэж нэрлэдэг байна. Тийм учраас уул овоо, гол ус бүхэнд савдаг байх агаад өргөл идээ өргөж, тахиж ёслохгүй бөгөөс хүмүүст осол цалгар учруулдаг юмсанж.
Энэхүү эзэн савдагуудын талаар Пунцагнамдаглин дацангийн гэсгүй Д.Осоржамаа гэвштэй хөөрөлдсөнөө толилуулсуу.
– Хүмүүс нанчид хүртэхдээ Сонгинохайрхан уулын зүгт сархадын дээжээ сэржимддэг нь энэ уулын эзэн савдагт өргөл өгч буй нь тэр үү?
– Нанчид гэдэг маань өөрөө догшин идээ. Сонгинохайрхан уулыг бас догшин ширүүн савдагтай гэдэг юм. Энэ уулын эзэн нь араа шүд нь зөрж, хөх бух унасан, баруун гартаа улаан моголцог барьсан сархдад баахан дуртай, их догшин баатрын дүртэй савдаг байдаг юм гэнэ лээ. Тийм учраас нанчид хүртсэн хүмүүс заавал сархадын дээжээ өргөдөг ёстой юм билээ.
– Тэгвэл Чингэлтэй хайрханы эзэн савдаг ямар байдаг вэ?
– Чингэлтэй уулын савдаг нь олон шавь нараа өмнөө тойруулж суулгаад өвөр дээрээ судар дэлгэсэн номч мэргэн номын дүртэй эзэн байдаг. Хуучин цагт лам хувраг, бичгийн мэргэд Чингэлтэй хайрханы суга бэлээр даяанчлан сууж, ном уншиж бясалгаад номын их авшиг хишиг хүртдэг байж.Чой.Лувсанжав профессор Чингэлтэйн бэлд зориуд хашаа хатгаж суурьшин амьдарсан нь ч үүнтэй холбоотой байх.
– Баянзүрх уулын савдаг ямар байдаг вэ?
– Баянзүрх хайрханы эзэн савдаг нь идээ будаагаа дэлгэж, хүн амьтныг дайлсан өгөөмөр баян савдаг байна. «Баяжья гэвэл Баянзүрх уулыг тахь» гэж Их Хүрээний худалдаачин наймаачид жил бүр шүтэн тахиж, өргөл барьц бариад их баяждаг байсан юм гэнэ лээ. Хүнд эрдэм ном, хөдөлмөр зүтгэл их байж амьдрал нь өөдөлдөг боловч уул усны савдгаа шүтэн тахивал бүр ч өөдлөн дэгждэг. Тэгэхээр Баянзүрх уулыг шүтэж тахиж явбал тэр хүн баян хангалуун л амьдрах байх.
– За, тэгвэл Богд хан уулын савдаг ямар байдаг юм бэ?
– Хэрэйдийн Ван хан энэ уулыг ХанУул гэж нэрлэсэн юм гэнэлээ. Энэ уул тэгээд төрийн хар хүнийг өөд өргөж, ивгээн энэрдэг эзэн савдгийн биеийг олсон гэдэг юм. Хэрэв төрд зүтгэх хүн Богд хан уулыг шүтэж тахих юм бол төрийн их түшмэд ноёд болдог юм гэсэн.
– Хэрэв эдгээр уулын эзэн савдгийг үл тоомсорловол ажил үйлс бүтэлгүйтнэ гэсэн үг үү?
– Ерөөсөө хэн боловч алив газар усны эзэн савдгуудыг эс хүндэтгэн, үл тоомсорловол осол цалгард ордог. Ёс алдана гэдэг их том нүгэл, алдас. Лус савдаг байдаггүй гэж бодож болох. Яагаад гэвэл хүний нүдэнд харагддаггүй учраас тэр.Гэтэл хад чулуу, мод усыг хамаагүй хөндөж сэндийлснээс ургамал ногоо ургахгүй хатаж, ган зуд нүүрлэж осол аваар ихэсдэг.
– Та тодорхой жишээ хэлж өгвөл илүү ойлгомжтой болохсон?
– Сүхбаатар аймагт Баруун-Урт гэдэг гол бий. Энэ голыг тэнд алба хаадаг нэгэн цэргийн дарга ихэд голж басаад «Эй, хөөрхий. Энэ Баруун-Уртын гол голионы ташаа цохиж байна, сүйд болох нь» гэж ам гарчээ. Голио гэдэг маань жаахан амьтан шүү дээ. Тэгэхлээр тэр голыг голионоос жижиг гэж бассан хэрэг. Гэтэл нэг өдөр өнөөх цэргийн дарга 69 машин унаад Баруун-Уртын голоор гарч явтал үер бууж машинтай юутай нь хамаад живүүлсэн гэдэг юм. Ам гарсан ганц хүнээс болж машинд сууж явсан бүх хүн живж осолдсон доо. Энэ бол газар усны савдагт ам гарч хилэгнүүлсэн явдал. Наад зах нь л урсгал гол мөрөн, горхи булгийн усанд улаан идээ унагадаггүй, тэр бүү хэл сүүний дусал ч дусаадаггүй номтой.
– Хэрэв сүү юм уу цус дусаачихвал яана гэж?
– Тээр жил Хятадын хэсэг барилгачид Туулын голд шумбаж сэрүүцэхээр очиж л дээ. Жар, далаад он байх. Гэтэл нэг хятад нь гараа чулуунд эсгэчихээд цустай гараа Туулын усанд угааж. Тэгсэн архи ууж хөлчүүрсэн хятадууд хоорондоо зодолдоод нэгнийхээ амийг хөнөөсөн тохиолдол гарсан. Ер нь Туул гол эрэгтэй хүнд жаахан халтай байж магадгүй.
– Яагаад тэр вэ?
– Туул голд жил бүр л хүн эндэж осолдлоо гэж дуулддаг.Гэвч дандаа эрэгтэй хүүхдүүд, эрчүүд голдуу байдаг.Эмэгтэй хүн осолдлоо гэж бараг дуулддаггүй. Түүний учир шалтгаан нь Туул гол өөрөө эм устай учраас эмэгтэй хүн ороход ээлтэй байдаг байна.
– Голыг бас эр, эм гэж ялгадаг хэрэг үү?
– Ус болгон эр, эм гэсэн ялгаатай. Хэрлэн гол гэхэд эр устай.Ууланд хүртэл тийм ялгаа бий. Отгонтэнгэр, Хан Хэнтий уулын оройд эм хүн гарах хориотой. Хэрэв бүсгүй хүн гарвал гай барцад тохиодог юм гэсэн.
– Тэгэхээр эм савдаг гэж бас байдаг байх нь уу?
– Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт сүндэрлэдэг Сутай хайрхан уулын эзэн нь сэрэвгэр хоёр үрээгээ дээд тэнгэрээс сүлбэсэн урд хоёр туурайгаараа газрын хөрс онгичоод нүдээ улаанаар эргэлдүүлсэн сүрлэг цагаан бух унасан, цагаан хувцастай цайвар царайтай, энэрэнгүй дөлгөөн харцтай, догшныг номхотгож, дордосыг энэрсэн, зүүн мутартаа эрдэнийн туг, баруун мутартаа шар торгон хадаг барьсан сайхан эмэгтэй байдаг гэнэ лээ. Дорнодын Халх голын Буйр нуурын эзэн нь цагаан дээлтэй, үзэсгэлэн гоо бүсгүй савдаг байдаг гэдэг юм. Ер нь бол уулын эзэд нь ихэвчлэн эр савдаг, гол усны эзэд нь эм савдаг байдаг бололтой.
– Далан давхар Нарангийн оршуулгын газартай олон айл хаяа дэрлэн амьдарч байгаад тэдгээр газрын савдгууд хилэгнэдэг болов уу?
– Далан давхарыг далан долоон дэрдэв сахиж суудаг юм гэсэн. Тэнд айлсаад буусан айлуудад тэдгээр дэрдүүд ороод суучихсан л байгаа. Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг шиг бас нигууртай ханддаг биз. Гэвч талийгаачдын төөрсөн сүнстэй цуг амьд хүмүүс хаяа хатгаж амьдрах нь сайнгүй л байж таарна. Наад зах нь ой ухаан муутай, галзуу солиотой хүүхэд төрдөг юм гэнэ лээ. Энэ бол шарилаас гарч буй муу хий, дэрдүүдийн гүйдлээс гардаг хар энергитэй холилдсоны л харгай байх..