Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын баг өнөөдөр анхны хурлаа цахим болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 77 дугаар захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын багийг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгуулсан.
Ажлын багийн бүрэлдэхүүнд Соёлын сайд С.Чулуун, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, МХЕГ-ын дарга Т.Гантулга, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 21 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл ажиллаж байна.
Ажлын багийн орлогч дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хуралд хийсэн мэдээлэлдээ, Монгол Улсын үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газраас эх хэл, үндэсний бичиг үсгийн боловсрол олгох, сургах, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр олон чухал шийдвэр гаргаж байсны илрэл нь УИХ-ын 1995 оны 43 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-I”, Засгийн газрын 2008 оны 196 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-II”, 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” юм. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-I, II”-ыг хэрэгжүүлсний дүнд ЕБС-ийн 6-12 дугаар ангид монгол бичгийн хичээлийн хөтөлбөрийг баталж, сурах бичгийг хэвлэн, багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлсэн. Монгол уран бичлэгийн төрлийг дэлхийн яаралтай хамгаалах биет өвийн жагсаалтад бүртгүүлсэн. Иргэний баримт бичиг, боловсролын гэрчилгээнд монгол кириллээр зэрэгцүүлсэн бичилт хийж хэвшсэн. Төрийн бүх шатны байгууллагын хаягийг зэрэгцүүлэн бичих, элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албаны шалгалтын агуулгад монгол бичгийн агуулгыг тусгаж, шалгалт авч байна. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-I, II” нь тухайн цаг үедээ үр дүнгээ өгч, үндэсний бичиг соёлоо дээдлэх, сурах, хадгалах, өвлүүлэх, сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх хүсэл сонирхол, үндэсний сэтгэлгээ тэлсээр байна” гэлээ.
Мөн тэрбээр, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” нь улсын хэмжээнд салбар дундын уялдааг хангаж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарын бодлоготой цогц уялдуулсан бөгөөд монгол бичгийг бүх нийтийн хэрэглээний орчин бүрдүүлэхэд инновац, технологийн дэвшлийг ашиглан төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцлоод урьдчилж санал авсны дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний төслийг боловсрууллаа. Төлөвлөгөөний төсөлд Монгол хэлний тухай хуулийн холбогдох зүйл, заалт, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III заасан 4 зорилт, 46 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр 64 арга хэмжээг төлөвлөсөн” гэв.
Ажлын багийн гишүүн Б.Баатарзориг төрийн байгууллага албан хаагчдын монгол хэл, бичгийн чадварыг үнэлэх, гарааны түвшин тодорхойлох, сургах, хөгжүүлэх, төрийн албаны шалгалт, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн маягт-1-д монгол бичигтэй холбоотой тодорхой зохицуулалт оруулах чиглэлээр санал хэллээ.
Соёлын сайд С.Чулуун бичиг соёлын өвийн дурсгалыг хамгаалах, сурталчлах, хөгжүүлэх чиглэлээр салбартаа хэрэгжүүлэх талаар санал хэлэв. Стандарт хэмжил зүйн газрын дарга 2025 онд хос бичгээр төрийн албан хэргийг хөтлөхтэй холбогдуулан тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаагаа танилцууллаа.
Ажлын багийн дарга, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдэд доорх үүрэг чиглэлийг өглөө.
-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг төсвийн шууд захирагч, төсвийн шууд захирагч нар 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусган, хөрөнгө төсвийг шийдвэрлэж ажиллах нь зүйтэй.
-Ажлын хэсгийн орлогч дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн цаашид ажлын хэсгийг удирдлага, зохион байгуулалтаар хангаад ажиллах бөгөөд энэ төлөвлөгөөний төслийг эцэслэн боловсруулж батлахыг үүрэг болгож байна.
-Бүх шатны байгууллагууд монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, албан бичиг, бусад баримт бичгүүд болон хэвлэлийн нийтлэл мэдээ, мэдээлэлд монгол хэлний үг зүй, найруулга зүйн дүрмийг баримтлах нь хэрэгтэй байна.
-Улсын олимпиад уралдаан зохион байгуулах, монгол хэл, бичгийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэднийг урамшуулах, зөвлөгөөн зохион байгуулах ажлыг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Дэлхий дахинд монгол бичгийг сонирхох, монгол бичиг суралцахыг дэмжих ажлуудыг зохих шатны байгууллагууд хийх хэрэгтэй байна. Тухайлбал гадаад дахь элчин сайдын яамд жил бүр монгол бичиг үсгээ сурталчилсан ажлыг төлөвлөж зохион байгуулах, гадаадад суралцдаг оюутнаар дамжуулан үндэсний бичгээ сурталчлах ажлыг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх нь зүйтэй.
-Монгол бичгийн үнэ цэн, өв соёлыг сурталчлах зорилтот нэвтрүүлэг зохион байгуулах нь зүйтэй.
-2021 оны ажлаа төлөвлөх, төсөв хуваарилах ажил явагдаж байгаа энэ цаг үед төлөвлөгөөг яаралтай батлан ажлыг эхлүүлэх нь зүйтэй.
Улаанбаатар /МОНЦАМЭ/.