Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр Сүхбаатарын талбай дээр тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан. Үр дүнд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд. УОК-ийн дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулсан бол Нийслэлийн онцгой комиссын дарга Хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан болон ХӨСҮТ-ийн захирал Нямхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж ард түмний шаардлагыг биелүүлсэн.
Харамсалтай нь эхчүүд эмэгтэйчүүдийн сэтгэлээрээ нэгдэж, эхлүүлсэн энэ тэмцэлд улстөрчид хэвлэл, камераар хүрээлүүлэн бөөн бөөнөөр оролцож, иргэдийн тэмцлийг улс төрийн зорилгоор ашиглан Засгийн газрыг огцруулах хүртэл турхирсан нь олон эмэгтэйчүүдийн эгдүүцэл дургүйцлийг хүргэлээ. Ялангуяа АН-ын тамгагүй хутагт хэмээн нэрлэгдэх болсон Ц.Туваан Төрийн ордноос туслах, хамгаалагч нараараа хүрээлүүлэн хүрэлцэн ирж хэвлэлд баахан ярилцлага өгч шоудсан нь түүний эсрэг цахим эсэргүүцэл өрнүүлэхэд хүргэлээ.
Ц.Тувааныг Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийнхөө сонгуульд зориулан хүчээр томилсон АН-ын тамгагүй дарга хэмээн намынхан нь ярьдаг. Гэтэл эхчүүдэд хайр зарлан ганц сард 1000 гаруй эхэд Алдарт эхийн одонг нь өөрийн биеэр зүүж өгч байсан Х.Баттулга эхчүүдийн элгээ эмтлэн байж эсэргүүцсэн тэмцэлд гар хөлөө томилон явуулж, улс төр болгон ашигласанд “Алдарт эхчүүд” маш их гомдолтой үлдсэнээ цахим хаягаараа дамжуулан илэрхийллээ. Зөвхөн эхчүүд эмэгтэйчүүд төдийгүй зарим нэг улс төрийн намынхан ч Ерөнхийлөгчийн энэхүү “сэтгэлгүй” улс төрийг эсэргүүцсэн. Зон олны намын дарга Э.Одбаяр “ЖЕНКОГИЙН турхиралтаар хэсэг хүмүүс яваад байна. Бид иргэдийн эрүүл мэндийн асуудлаар цугларсан болохоос биш Женкогийн улс төр хийх гэж гэж цуглаагүй” хэмээн мэдэгдсэн. Энэ нь АН-ынхан тэр тусмаа Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн жагсаал тэмцэл хийх шалтаггүй, ямар өлөн байгааг харуулсан үйл явдал боллоо.
Эх сурвалж:http://opennews.mn/