“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
–Монгол Улсын Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын макро эдийн засагт ямар эерэг үр дүн авчирна гэж хүлээж байгаа вэ?
-Энэ бол эдийн засаг болон эрүүл мэндийн чиглэлээр нийт 56 үйл ажиллагааны зорилгыг тусгасан цогц төлөвлөгөө юм. Засгийн газрын яамдууд болон харьяа агентлаг, газрууд өөрсдийн чиг үүргийн дагуу цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дэлхий дахинд хүндхэн сорилт тулгараад жил гаруйн хугацаа өнгөрч байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Улс орнууд цар тахалтай нүүр тулж, эрүүл мэндийн салбар төдийгүй нийгэм, эдийн засагт олон хүндрэл, бэрхшээл тулгарч байна. Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байгаа ч улс орон бүр нөөц боломжиндоо тулгуурлан эрвийх дэрвийхээрээ хүчин зүтгэсээр л байна.
Дэлхий нийтээрээ эдийн засгийг Ковидын өмнөх, Ковидын үеийн, Ковидын дараах гэж ангилж, дүн шижилгээ хийж, зохицуулалт хийдэг болсон байна. Аль болохоор л Ковидын өмнөх буюу хэвийн үеийн эдийн засаг руугаа хурдан хугацаанд хүрэхийг хичээж байгаа. Бид ч бас тийшээ зорьж байна. Энэхүү цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ковидын өмнөх буюу 2019 оны эдийн засгийн үзүүлэлтүүдэд хүрэхийн зэрэгцээ, цар тахлын дараах эдийн засгийн суурийг бэлдэж, эргэн сэргэх нөхцлийг хадгална гэж тооцоолж байгаа.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”- нд тусгагдсан ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, Монголбанкны репо санхүүжилт, орон сууцны ипотекийн зээлийг эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлж байгаа. Энэ бүхэн нь иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт өндөртэй байсныг ч харуулж буй. Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойших ажлын 31 хоногийн хугацаанд нийт 1 их наяд 152 тэрбум төгрөгийн зээлийг олгогдсон байна.
Нөгөө талдаа зээл олголтод арилжааны банкууд эдийн засгаа дэмжихэд санаачилгатай байж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг эрчтэй өргөжүүлж байгаад талархаж байна. Цогц төлөвлөгөө хэрэгжиж эхлээд удаагүй учраас эдийн засагт үзүүлэх том үр нөлөө, макро үзүүлэлтийн талаар дүгнэж ярихад арай эрт юм. Гэхдээ эдийн засгийн идэвхжилд тодорхой нөлөө үзүүлж байгаа нь илэрхий ажиглагдаж эхэлсэн.
Тухайлбал, цахим төлбөрийн системийн и-баримт уншуулалт 2019, 2020 онтой харьцуулахад хамаагүй өндөр байна. Энэ нь худалдан авалт нэмэгдсэн, зах зээлийн идэвхжил сайжирсныг харуулж байгаа үзүүлэлт. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар мөн өмнөх 2 жилийнхтэй харьцуулахад өндөр байна.
Мөн НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо өмнөх 2 жилийнхээс 2-3 дахин өссөн нь аж ахуйн нэгжүүд маань албан секторын бүртгэл, мэдээллийн системдээ орж үйл ажиллагаа явуулах хандлага нэмэгдэж байна гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.
-Аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг хадгалах 2 их наяд төгрөгийн зээлийн эрэлт их байгаа нь илт мэдрэгдэж байгаа. Зээл олголт харин ямархуу түвшинд байгаа бол?
-Манай улс зах зээлд шилжсэнээс хойш аж ахуйн нэгжүүддээ жилийн 3 хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй зээлийг банкны системээр дамжуулан олгосон анхны тохиолдол болж байна. Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан бага хүүтэй зээлийн онцлог нь хүүгийн хөнгөлөлтийг нь төрөөс төсвийн дэмжлэгээр арилжааны банкуудад олгож байгаа. Харин банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нь нэмэгдүүлж байгаа юм. Жил гаруй хугацаанд үргэлжилсэн идэвхгүй байгаа эдийн засагт ажлын байрыг хамгаалах бага хүүтэй зээл, репо санхүүжилт, ипотекийн зээлийн сувгийг тэлж нээснээр идэвхжлийг эрс нэмэгдүүлж өгч байгаа. Жилийн 3 хувийн хүүтэй зээл бол ажил хийдэг, бизнес эрхэлдэг хүндээ үнэхээр нүдээ олсон том дэмжлэг болно. Одоогийн байдлаар ажлын байрыг дэмжих зээлд 589.2 тэрбум төгрөгийн санхүүжилт, 8,491 зээлдэгчид гарсан байна. Ингэснээрээ 22,389 ажлын байрыг хадгалж чадаж байна гэж харж байгаа.
-Энэ зээлийн хүрээнд 2 их наяд төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй олгоно. Нийт хэчнээн аж ахуйн нэгж, иргэнд хүрч хэдэн ажлын байрыг хамгаална гэж тооцож байгаа вэ?
-10 их наядын цогц төлөвлөгөөний 2 их наяд нь ажлын байрыг дэмжихэд зориулагдана. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр ойролцоогоор 3500 аж ахуйн нэгж, 20,000 иргэнд хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ингэж чадвал эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлнэ. Бидний урьдчилан тооцоолсноор цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийт 120,000 ажлын байрыг хадгалах бололцоотой.
-Зээлийг хүртээмжтэй байлгах талаар яаж анхаарч байна вэ. Тэр тусмаа банкны системээр дамжиж буй зээлийн шалгуурыг аж ахуйн нэгжүүд маань давж чадах уу гэдэг асуудал байна?
-Ажын байрыг дэмжих зээлд аж ахуйн нэгжээс гадна иргэд хамрагдана. Тодруулж хэлбэл бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг айл өрхүүд, иргэд энэ зээлийг авах боломжтой. Эдгээр иргэнд төрөөс ямар нэгэн шалгуур тавихгүй байгаа. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг л шалгуур тавьж байгаа. Тэр нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байх. Хэрэв та маргааш зээлийн хүсэлт өгөх гэж байгаа бол өнөөдөр ч бүртгүүлсэн болох юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар аж ахуйн нэгжүүддээ “Бага хүүтэй зээл авахын тулд албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж байж, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгаач ээ” л гэж байгаа юм. Энэхүү зээлийн эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа учраас зарим нэг эрсдэлээс хамгаалах шалгуур тавьж байгаа. Гэхдээ энэ шалгуур ковид гарахаас өмнө буюу эдийн засаг хэвийн байсан үеийнхтэй харьцуулшгүй. Харин ч шалгуур, үзүүлэлт нь эрс буурсан байгаа. Бид зээл олголтыг хурдасгаж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд банкны шалгуурыг үе шаттай бууруулах талаар Сангийн яам, Монголбанктай хамтран арилжааны банкуудтай хэлэлцээр хийж байна. Энэ дагуу зарим банк зээлийн шалгуураа буулгасан. Тодруулбал, хувь хүн зээл авахын тулд сүүлийн 6 сар тасралтгүй бизнес эрхэлсэн байх шалгуурыг зөөлрүүлж, тасралтгүй гэхийн оронд “цар тахлын үед 6 хүртэл сарын хугацаанд бизнес нь явагдаагүй байж болно”, орлогыг нь нотлохдоо эдийн засаг хэвийн буюу 2019 оны орлогоор нь тооцож байгаа. Мөн зээлийн найдваргүй түүхтэй байж болно, түүнийг нь харгалзахгүйгээр, зөвхөн зээлээ барагдуулж үлдэгдэлгүй байх гэх зэргээр аль болох уян хатан зохицуулалтыг хийж байгаа.
-Хэрэгжилтийн шатанд алдаа гаргахгүй байх хяналтыг хэрхэн тавьж байна вэ?
-Банк өөрөө онцлогтой байгууллага. Нэг талдаа иргэдийн мөнгийг татаж хадгалаад, нөгөө талдаа зээл олгодог. Энэ дунд зуучлалын үйлчилгээ хийж, ашиг олдог байгууллага. Энэ утгаараа зээлийн эрсдэлийг тооцох тал дээр мэргэшсэн салбар. Тиймээс энэ удаагийн зээл олголтыг банкаар дамжуулж байгаа юм. Банкууд болон Монголбанкны зүгээс хяналт тавина. Мөн хэрэгжилтийн шатанд алдаа гаргахгүй байх үүднээс хөндлөнгийн хяналт буюу олон нийтийн хяналтын зөвлөл ажиллуулж байна. Зөвлөлд МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас төлөөллүүд багтсан.
-Ипотекийн зээл олголтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ипотекийн зээлийг өмнөх хэмжээнээс нэмэгдүүлэх, эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. 10 их наядын цогц төлөвлөгөө маань өөрөө цаг хугацааны хувьд өндөр ач холбогдолтой. Манай улсын эдийн засаг улирлын чанартай. Хавар, зун, намрын улиралд эдийн засаг идэвхждэг. Энэ үед л аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь чухал. Ялангуяа хавар бол барилгын салбарын идэвхжлийн үе. Энэ үед дэмжлэг үзүүлснээр ипотекийн зээл олголтыг сайжруулах, нөгөө талдаа барилгын салбараар дамжуулан эдийн засагт эерэг нөлөө үзүүлж чадна. Ипотекийн зээл нь барилга угсралтын компаниудаас гадна туслан гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, барилгын салбарт ажлын байрыг хадгалж байдаг эерэг нөлөөлөлтэй юм. Одоогийн байдлаар 228.3 тэрбум төгрөгийг 3,092 зээлдэгчид олгосон. Энэ ажил цааш үргэлжлээд явна. 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд ипотекийн зээлд хоёр их наяд төгрөгийг 3 жилийн хугацаанд, нэг их наяд төгрөгийг залуучуудад хямд өртөгтэй орон сууц барих дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зориулах юм. Ингэснээр “Залуус” I, II орон сууцны хорооллыг барина. Төрөөс орон сууц барихад зориулсан дэд бүтэц, газрын асуудлыг шийдвэрлэж өгөөд барилгын компаниуд түүнд нь хямд өртөгтэй орон сууц барьж, хямд үнээр борлуулах юм. Энэ нь ипотекийн зээлээс гадна дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөр явагдана.
-Эдийн засгийн нөгөө талд эрүүл мэндийн маань асуудал санаа зовоох түвшинд байсаар л байна. ЭМЯ-наас зарлаж буй халдварын тохиолдол тогтмол өндөр, хатуу хөл хорионы мөрдөж байгаа энэ үед 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтэд нөлөөлөх үү?
-Нөлөөлөлгүй яахав. Шинэ Засгийн газар гарч ирээд бодлогоо эдийн засаг, эрүүл мэндийн асуудлыг хамтад нь авч явахаар тодорхойлсон. Иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийн “эрүүл мэнд” гэдэг нэг зоосны хоёр тал учраас тэнцвэрийг зөв барьж, аль алийг нь бодлогын ижил түвшинд авч явахыг зорьж байна. Хөл хорио гэдэг эдийн засагт хор хөнөөлтэй, аж ахуйн нэгжүүдэд ойлгомжгүй, хүнд нөхцөл байдлыг авчирдаг. Тиймээс Засгийн газар аль болох хатуу хөл хорио тавихгүй байхыг эрмэлзэж байсан ч нөхцөл байдал хүндэрч хатуу хөл хорио тавихаас аргагүй байдалд орсон. Одоо ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж вакцинжуулалтыг яаравчлуулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.