Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Н.Төгсцогт Монголын цагаар энэ 7-р сарын 4-ний өдөр “WBA” холбооны аваргын бүсийн төлөө АНУ-ын боксчин Крис Колбертийн эсрэг тулалдахаар боллоо.
Н.Төгсцогтын хувьд одоогоор мэргэжлийн боксын рингэнд 13 тулаан хийж 12 ялахдаа өрсөлдөгчөө 9 удаа хүнд цохилтоор буулган авсан байна. Харин түүний өрсөлдөгч АНУ-ын боксчин Крис Колберт нь мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй байгаа бөгөөд 6 “нок-аут” хийсэн үзүүлэлттэй байна.
Тулааны өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Крис Колберт“Би Төгсцогтыг сайн боксчин гэж үнэлдэг. Гэхдээ энэ тулаанд би түүнийг буулгаж авна гэдгээ амалъя. Энэ бол яг л “Ниссан”, “Ламборгини” хоёр машины уралдаан шиг тулаан болно. Мэдээж би “Ламбо” нь. Надад Төгсцогт байна уу? Арнольд Шварценеггер байна уу? хамаагүй. Би энэ жиндээ хэнд ч дийлдэхгүй” гэсэн ярилцлага өгсөн юм.
Харин Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Н.Төгсцогт“Надад түүний юу гэж ярих нь хамаагүй. Би ямар ч жинд тоглож чадна. Би өөртөө итгэдэг, би багтаа итгэдэг. Би энд ялахын төлөө ирсэн. Тулааныг үзэхээр стадионд Монголын маань фенүүд ч цуглах болно. Харж байгаарай, би бэлэн байна” гэсэн хариу ярилцлага өгчээ.
Уг тулааныг “Univision 88” суваг Монголын цагаар 7 сарын 4-ний өглөө 09:00 цагаас АНУ-ын Калифорни мужийн “Dignity Health Sports Park”-аас үнэ төлбөргүй шууд дамжуулан хүргэнэ.