Тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксын Б.Чинзориг нар өнөөдөр /2021.07.28/ нутаг буцаж байна гэж Монголын Олимпын Үндэсний Хорооноос мэдээллээ.
Зөрөөд удахгүй тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид өнөөдөр/2021.07.28/Токиод хүрэлцэн ирнэ. Энэ олимпод эмэгтэй чөлөөтийнхөн бүх зургаан жинд эрхээ авсан бол эрчүүд гурван жинд өрсөлдөх юм. Харин хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөх билээ.
Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиод ирэх болно. Чөлөөтийнхөн наймдугаар сарын 1-нээс олимпын дэвжээнд өрсөлдөж эхлэх юм.