Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Нигерийн Блессинг Оборудудуд 7:2-оор ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Риогийн олимпын эхний даваанд энэ хоёр бөх таарахад манай С. Батцэцэг ялж байв. Харин энэ удаа нигери бөх С.Батцэцэгийн барилдааныг маш сайн судалсан нь илт байлаа.
Барилдаан дөнгөж эхлээд байхад тэрбээр манай хүнийг суйлж унаган хоёр оноо, залгуулан ард нь гараад дахин хоёр оноо авчихав.
Онооны харьцаа 4:0. Дараа нь хонгодож хоёр оноо, дэвжээнээс түрж гарган нэг оноо авснаар онооны зөрүү 7:0 болон холдсон юм.
С.Батцэцэгийн хувьд барьцаандаа хүрч чадвал том мэхээр бүхэл оноо авдаг онцлогтой бөх. Гэвч бяртай Нигери бөх маш сайн хамгаалж, хүссэн барьцыг нь өгүүлсэнгүй. С.Батцэцэг сүүлд ард нь гарч хоёр оноо авсан ч цаг хугацаа биднийг хүлээсэнгүй.
Оборудуду финальд шалгарснаар олимпоос медаль хүртсэн Нигерийн анхны чөлөөт бөхийн тамирчин болжээ.
Нигерүүд өмнө нь хөнгөн атлетик, хөл бөмбөг, бокс, хүндийг өргөлт, таеквондо гэсэн таван төрлөөр олимпоос медаль аваад байсан бол энэ удаа чөлөөт бөх гэсэн төрөл нэмэгдэж байна.
С.Батцэцэгийн хувьд маргааш хүрэл медалийн төлөө Азербайжаны Э.Манолова (ДАШТ-ий хүрэл медальт), Кыргызстаны М.Жуманазарова (Азийн наадмын мөнгөн медальт) нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдах болно.
Медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр 17.15 цагаас эхлэх бөгөөд манай хүн 13 дахь барилдаанд дэвжээнд гарах юм.