“Nomadia pictures” болон “Freeline production”-ын хамтын бүтээл “Нэг талын тасалбар” олон ангит кино есдүгээр сарын 18-наас эхлэн бямба гараг бүр Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болж байна.
Найруулагч Ц.Гансэрээгийн ерөнхий найруулагчаар нь ажилласан уг бүтээлийн гол дүрд А.Эгэлзаяа, О.Самданпүрэв, М.Тогтохжаргал нарын залуу жүжигчид тогложээ.
“Нэг талын тасалбар” нь Монголын кино урлагт төдийлөн хийгдэж байгаагүй сэдэв болох хүсээгүй жирэмслэлт, хүүхэдтэй болж чаддаггүй гэр бүл гэсэн хоёр эсрэг тэсрэг сэдвийг сонирхолтойгоор хослуулан үзүүлсэн ухаарал өгөхүйц драма жанрын кино юм.
Энэхүү киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Эгэлзаяа, О.Самданпүрэв нар сэтгэгдлээ хуваалцлаа.
А.Эгэлзаяа: Айлын ганц, эрх охин Аядуугийн дүр өөрөөс минь тэс өөр байсан
Жүжигчин А.Эгэлзаяа: Сургуулиа төгсөөд миний хамгийн анх гол дүр бүтээж байгаа кино. Олон ангит кинонд тэр тусмаа гол дүрд тоглон маш их зүйл сурч авлаа. Нэг кинонд тоглож дуусах нь нэг их сургуульд сураад төгссөнтэй адил гэж хүмүүс ярьдаг. Өмнө нь туслах дүрд тоглоход яг өөрийнхөө хэсэгт орчхоод явчихдаг байсан бол гол дүрд тоглоно гэдэг нь эхлэхээсээ дуусах хүртэл би ажиллана гэсэн үг.
Ээж аавдаа төдийлөн эрхлээд байдаггүй айлын том охин миний хувьд айлын ганц, эрх охин Аядуугийн дүрд тоглох нь их өөр санагдаж байсан. Хамгийн хэцүү байсан зүйл нь өөрөө ээж болж үзээгүй би эх хүний дүрд тоглож, бяцхан хүүхдийг бөөцийлөх нь байсан юмуу даа. Надад тулгарч байгаагүй туршлага учраас эхэндээ эвээ олохгүй байсан үе бий.
Аядуугийн дүр охид өсвөр насандаа ямар алдаа гаргадаг вэ?, энэ алдааг яавал гаргахгүй байж болох вэ? гэсэн зөвлөгөө, мессэжийг охидод бага ч болов хүргэж чадах болов уу гэж найдаж байна.
Илүү залуучуудад нэгийг бодогдуулах драма учраас өсвөр насныхныгаа үзээрэй гэж уриалмаар байна.
О.Самданпүрэв: Кино маань маш олон санааг дотроо багтаасан
Жүжигчин О.Самданпүрэв:Нэг талын тасалбар кино нь миний гол дүрд нь тоглож байгаа анхны олон ангит кино учраас онцлог, сонирхолтой байлаа. Миний дүрээр өнөөгийн нийгэмд бидний үеийн өөрийгөө хэн бэ гэдгийг таниагүй, өөрийнхөө хүссэн зүйлээ олоогүй, нийгэмд хөлөө олж чадаагүй нэгэн залууг төлөөлүүлж байгаа юм.
Кино маань маш олон санааг дотроо багтаасан байгаа. Энгийн нэгэн хоёр хүний хайр дурлал, драма кино гэхээс илүүтэй залуучуудад ухаарал өгөх, хөлөө олоход нь бага ч болов туслах, нийгэмд мессэж өгсөн бүтээл болсон гэж найдаж байна.