Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүйн долоон худагт зохион байгуулсан бөхийн барилдааны допингийн шинжилгээтэй холбоотой дараах мэдээллийг өглөө.
Мэдээлэлд”Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага /МДЭҮБ/ авч наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Эхний шинжилгээний хариу МДЭҮБ-д 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 бөхийн шинжилгээ ирээд байгаа юм. Үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу 10 дугаар сарын 11 болон 13-нд тус тус илгээсэн байна.
Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-ын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээ бүрэн ирэхээр МДЭҮБ-аас МҮБХ-д ирүүлнэ. Ирсэн даруйд бид шинжилгээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх болно.Зарим сэтгүүлч, иргэдийн зүгээс гаргаж буй бөхчүүд болон монгол бөхийн нэр хүндийг сэвтээсэн хардлага, буруу мэдээлэлд автахгүй байхыг хүсье”гэжээ.