Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Их дуулга тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Будапешт-2021 насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ё. Басхүү хүрэл медалийн төлөө Францын Валид Хярыг мордох мэхээр цэвэр ялж, Гранд Слам ангилалаас ээлжит медалиа хүртлээ.
Мөн эмэгтэйчүүдийн -52 кг-д Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Хорлоодой Мароккогийн Соумия Ираоуйтай барилдаж хөмрөх мэхээр цэвэр яллаа.
Түүнчлэн -57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Их Британы Аселъя Топрактай барилдсан бөгөөд өрсөлдөгч нь хориотой мэх хийснээр манай тамирчинд ялалтыг өгсөн.