Бизнес эрхлэгчид жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргахаа болино

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт” өчигдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад 270 шахам бизнес эрхлэгч оролцож, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэлээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнесийн орчинд хийсэн реформын шинжтэй ажлуудын үр дүнг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг товч танилцуулсны дараа бизнес эрхлэгчид найман чиглэлээр саналаа хэлсэн юм. Бизнест хамгийн их чирэгдэл учруулдаг гааль, татвар, бүртгэл, зөвшөөрөл, барилга, эрчим хүч, мэргэжлийн хяналт болон бусад асуудлын талаар Ерөнхий сайд, Шадар сайдын ажлын алба, ЗГХЭГ, салбар хариуцсан яам, агентлагийн удирдлагууд оролцогчдын саналыг хүлээн авч нэгтгэлээ.

НӨАТ-ын босгыг бууруулах, хуурамч падаан бичилтийг хянах, ЖДҮ-ийг гарааны жилүүдэд нь татвараас чөлөөлөх, санхүү, татварын тайлагналтыг цөөлөх, бүгд жигд татвар төлдөг болох, татвартай холбоотой хуулийн нэр томъёоны зөрүүг арилгах зэрэг саналыг бизнес эрхлэгчид хэллээ. Татварын багц хуулийн төсөл боловсруулсан, батлагдвал татварын орчинд олон эерэг өөрчөлт орно. Одоо жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргаж байгааг 12 удаа болгох гэх мэт олон хэлбэрийн хөнгөлөлт тусгасан гэж салбар яамнаас тайлбарлалаа.

Барилгын салбарын бизнесийн орчинд дорвитой шинэчлэл хийж, чамлахааргүй үр дүнд хүрсэн гэж бизнес эрхлэгчид сайшаалаа. Барилгын зөвшөөрөл авах гэж 19 шатлалын 121 гарын үсэг зуруулахад 208 өдөр зардаг байсан нь дөрөв дахин хөнгөвчлөгдсөн юм. Энэ салбарт цаашид нэн түрүүнд хийх ажил бол норм стандартаа шинэчлэх гэж тэд үзэж байна.

Шинэ ажлын байр, үйлдвэрээ цахилгаан эрчим хүчинд холбуулахад өмнөхөөс богино хугацаанд шийдэгддэг болсон ч эх үүсвэр дутагдалтай гэсэн шалтгаанаар хүлээгдэл их байна. Төрөөс тавих мэргэжлийн хяналтын дарамтыг халахын тулд одоо мөрдөж буй хоцрогдсон норм стандартуудыг шинэчлэх, хилийн боомт дээрх давхардсан шалгалтуудыг нэгтгэх, ченжийн худалдааг зохицуулах хэрэгтэй гэж бизнесийнхэн хэллээ.

Бизнесийн бүртгэлийг бүрэн цахимжуулсан учраас энэ чиглэлээр санал шүүмж харьцангуй цөөн байв. Өмнө хэн нэгний авсантай төстэй нэрээр компани бүртгэхгүй байх, үүнээс үүдсэн маргаан шийдвэрлэх механизмыг өөрчлөх, бизнесийн шинэ төрлүүдийг бүртгэлийн системд нэмэх хэрэгтэйг бизнес эрхлэгчид санууллаа. Инновацийг дэмжих тодорхой бодлого хэрэгтэй, тендер, зээлийн нөхцөлийг уян хатан болгох зохицуулалт шаардлагатай гэсэн санал цөөнгүй гарлаа.

Лицензүүдийг нэгтгэж цөөлөхийн зэрэгцээ зөвшөөрөл олгох ажлыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг бизнес эрхлэгчид олон дурьдлаа. Одоо мөрдөгдөж буй 1165 тусгай зөвшөөрлийг 300 болгож цөөлөх зохицуулалт хийж байна, энэ ажилд бизнес эрхлэгчид өөрсдөө оролцоорой гэж ЗГХЭГ-аас мэдээллээ. Түүнчлэн, гадаад худалдаа эрхлэгчдэд хил, гааль дээр учруулдаг чирэгдэл, бэрхшээлийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар ирэх долоо хоногт ГЕГ, бизнес эрхлэгчид үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.

Шинэчлэлийн Засгийн газрын ажил дээд шатандаа маш эрчтэй яваа, харин дунд, доод шатанд хүнд сурталтай байсаар байна гэж баялаг бүтээгчид анхааруулсан юм. “Бид ямар ч ажлыг хамтран хэлэлцээд, богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаа шүү. Гол нь аль аль талд оролцооны оновчтой арга барил дутаад байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын төгсгөлд онцоллоо. Иймд эхний ээлжинд төр, бизнесийн хамтарсан уулзалтууд хийх тогтмол цаг гаргаж, тухайн салбарынхаа шинэчлэлийн бодлогод санал авахыг яам, агентлагийн удирдлагуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.




Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …