С.Шаравдоржийг “Алтан очир” одонгоор шагнав

Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубийн үүсгэн байгуулагчдын нэг, спорт, олимпизмын хүндэт зүтгэлтэн С.Шаравдоржийг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.

С.Шаравдорж нь 1994-1997 онд Эрдэнэт үйлдвэрийн спорт цогцолбор, “Хангарьд” спорт клубийн захирлаар, 2004-2011 онд Орхон аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд Орхон аймгаас олимп, дэлхийн медальт тамирчид төрөн гарахад хувь нэмрээ оруулсан нэгэн юм.

С.Шаравдорж энэ үеэр “Миний хувьд 1994 онд “Хангарьд” клубийн захирлаар ажиллах хувь тохиосон. Энэ он жилүүдэд манай “Хангарьд” клубээс олимпын медальтан төрөн гарсанд бэлгэшээж явдаг. Тэр үед Монголын том тамирчид манай “Хангарьд” клубээр овоглодог байлаа. Тухайлбал, Ц.Нацагдорж, Д.Банди багш нар дасгалжуулагчаар ажиллаж, Д.Нармандах, Т.Үйтүмэн зэрэг тив, дэлхий, олимпын медальт тамирчид манай клубт хичээллэдэг байсан. Мөн үндэсний бөхийн зургаан зааны нэг Ц.Цэрэнпунцаг, үндэсний сурын дархан мэргэн Ш.Даваахүү зэрэг алдартай тамирчид “Хангарьд” клубт бэлтгэл сургуулилтаа хийж, спортын гараагаа эхэлж байлаа. Энэ он жилүүд миний хувьд хамгийн дурсгалтай байдаг.

Би сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа. Үүгээрээ дамжуулан спорт, олимпизмыг сурталчлах ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. МҮОХ, спортын салбарынхантайгаа байнга холбоотой ажиллаж ирсэн. Энэ бүхнийг минь үнэлж МҮОХ-ны дээд шагналаар шагнасанд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …