Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гранпри тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр 13 барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа нар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Э.Сумъяа хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Буриадын Ирина Ологоновад 1:2-оор, Д.Отгонжаргал эзэн орны Анжелика Федоровад 6:16-гаар ялагдлаа.
Тэгвэл манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар, 70 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин Ж.Далайдорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Мөнхгэрэл, 55 кг-д өсвөр үеийн Азийн аварга, спортын мастер Б.Марал, 59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор 65 кг-д 2021 оны Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар маргааш дагах барилдаан хийнэ.