“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан өндөрлөлөө.
Өчигдөр Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдсан бол өнөөдөр үдээс хойш 18:00 цагт мөн л бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.
Хагас шигшээд 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Хулан ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны хашир туршлагатай бөх Жюлдиз Эшимоваг 3:0-ээр ялж финалд шалгарлаа.
Тэгвэл 57 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х. Болортуяа, 62 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б. Хонгорзул, 65 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Ө.Пүрэвсүрэн, 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э. Даваанасан нар хүрэл медалийн төлөө барилдах юм.