Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 17 дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн жүжгийн төрөлд “Миний аав супер баатар”, драмын жүжгийн төрөлд “Сычуаны сайн хүн” жүжгээр тус тус өрсөлдсөн юм.
Хүүхдийн жүжгийн төрөлд Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин Б.Асардарь “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн “Шоргоолж хүү”-гийн дүрээр,
Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргал “Өмхий хар”-ын дүрээр, шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Гэрэлт цох”-ын дүрээр тус тус хүртлээ.
Драмын жүжгийн төрөлд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр “Сычуаны сайн хүн” жүжгийн “Үсчин Шу Фу”-гийн дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчнээр, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Сувд “Хатагтай Ян”-ы дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчнээр шалгарлаа.
Мөн “Гэгээн Муза” наадмын шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын “Сычуаны сайн хүн” жүжгийн гол дүр болох Шэн Ти – Шуй Та-гийн дүрээр жүжигчин Т.Хулан, наадмын шилдэг залуу уран бүтээлчээр “Сычуаны сайн хүн” жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав тодорлоо.
Түүнчлэн “Гэгээн Муза-17” наадмын Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан “Сычуаны сайн хүн” жүжиг хүртлээ.