“Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эрэгтэй 90, -100, +100 кг, эмэгтэй -78, +78 жингийн медальтнууд тодрох юм.
Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Б.Гончигсүрэн эхний даваанд хийлээд БНСУ-ын Жон Хун Воныг, хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын Жафар Костоевыг иппоноор цэвэр ялснаар алтан медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Узбекистаны жүдоч Музаффарбек Туробоевтой тунаж үлдлээ.
Харин эмэгтэйчүүдийн -78 кг-д хүч сорьсон О.Хүслэн эхний даваанд Филиппиний Кэйт Жименаг хоёр вазаригаар илүүрхсэн ч дараагийн даваанд БНСУ-ын Хюү Жи Ёнд вазари үнэлгээгээр ялагдсан. Улмаар дагах барилдаанд Хятадын Тайпэйгийн Хвей Ваныг боох мэхээр ялснаар хүрэл медалийн төлөө Узбекистаны Иришон Курбанбаеватай учраа таарав.
+78 кг-д барилдсан А.Адьяасүрэн Казахстаны Камила Берликашийг вазаригаар буулган авсан ч дараагийн даваанд БНСУ-ын Ха Юн Кимд цэвэр ялагджээ. Манай жүдоч хүрлийн төлөө Энэтхэгийн Тулика Маантай хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн Г.Алтанбагана эхлээд Афганистаны Жабар Файсалыг, дараа нь Казахстаны Дидар Хамзаг ялаад хагас шигшээд Узбекистаны Давлат Бобоновыг барсангүй. Манай жүдоч хүрлийн төлөө Ливаны Карамнов Сагайповтой өрсөлдөх юм.
Шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ.