Монгол ардын болон язгуур хөгжмийн зэмсэг, байгалийн дуу чимээг электрон хөгжимтэй хослуулан chillwave урсгалаар тоглодог “Дэлхий” хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаасаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, энх тайван оршихыг уриалан уран бүтээлээ туурвисаар урын сандаа өнөөдөр 3 цомог, 2 пянз, нийт 100 орчим бүтээлтэй болжээ.
Тус хамтлаг өнгөрсөн жил анхны бие даасан “Уухай” тоглолтоо хийж үнэнч фенүүдээ баярлуулсан. Тэгвэл тэд “Онгод” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо тун удахгүй зохион байгуулж, язгуур урлаг, электро хөгжим болон байгаль дэлхийг биширдэг хэн бүхний сонорыг мялаах нь. Ердөө 277 үзэгчид зориулагдах энэхүү тоглолтдоо “Дэлхий” хамтлаг “Ертөнц”, “Байгаль”, “Хүмүүн” цомгуудынхаа шилмэл бүтээлүүд болон ирэх жил шинээр гаргах “Сансар” нэртэй цомгийнхоо бүтээлүүдээс тоглохоор болжээ.
Сонирхуулахад тус хамтлаг “Ертөнц” нэртэй хөгжмийн цувралыг бүтээж, таван хадгийн өнгийг билэгдэн нийт таван цомог бүтээхээр зорьсноос одоо тэд дөрөв дэх цомог дээрээ ажиллаж байгаа аж.
“Онгод” тоглолт 11 сарын 24-ний 20:00 цагт “Хүн” театрт зохион байгуулагдана.