Сильвестер Сталлоне: Брэд Питт, Анжелина Жоли, Том Круз, Жонни Депп нар жүжигчин биш

Рэмбо, Роки дүрээрээ сая сая үзэгчдийн танил болсон жүжигчин, найруулагч, продюсер Сильвестер Сталлоне Английн “DING”сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Телевиз, хувийн бизнес, ном гээд л та олон салбарт хүч сорьж байгаа ч энэ бүхний анхдагч нь кино урлаг байсан. Яагаад заавал ном бичихээр шийдсэн юм бэ?

-Тиймээ. Кино урлаг надад сайхан бүхнээ харамгүй дэлгэсэн. Роки, Рэмбо зэрэг бүтээлүүдийн дараа би сонин, сэтгүүл, телевизийн ярилцлагад дарагдчихсан гэж болохоор. Тэд бүгд л “Та ийм биетэй болохын тулд ямар арга хэрэглэдэг вэ. Бялдаржуулах газар өнждөг үү. Юу иддэг вэ” гэсэн асуулт тавьдаг байлаа. Тиймээс л оройтсон ч гэсэн эдгээр асуултад хариу өгөхийг хүссэн юм. Надад ямар арга зохьдог, ямар нь зохьдоггүй байсан тухай болон цөөн хэдэн хоолны дэглэм зэрэг өөрийн туршлагаа бусадтай хуваалцах гэсэн хэрэг.

Хүмүүс таныг Роки, Рэмбогоор л төсөөлдөг. Та үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?

-Тэгэлгүй яах вэ. Би ч тэднээс ангид амьдрах аргагүй. Ихэнх жүжигчин дуучин, загвар өмсөгч, найруулагч гээд олон салбарт хүч сорихыг хүсдэг нь нууц биш. Тэд өөрийн олон талт чадвартай гэдгийг харуулах гэсэн хэрэг. Гэтэл тэд зөвхөн нэг төрлөөр л нэрд гарч, бусдад нь төдийлөн амжилт олдоггүй. Нэг ёсондоо бүх салбарт тэгш амжилт гаргадаггүй. Тэдний л адил би кино урлагт хөл тавихдаа л хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ биш зөвхөн гадаад байдлаараа олны анхаарлыг татсан. Байж болох л зүйл шүү дээ.

-Та Рокигийн дүрийг шахаж, шаардсаар байгаад тоглосон гэдгийг бүгд мэднэ?

-Тухайн үед залуу гэнэн байсан хэрэг. Роки шиг надад таарч, тохирох дүр дахиад хэзээ ч гарахгүй гэдгийг мэдэрсэн болохоор л тэгж улайрсан юм. Хэрвээ би боломжоо алдвал юунд хүрдэгийг сайн мэднэ.

-Аав болсноор таны амьдрал хэр өөрчлөгдсөн бэ?

-Хувиар үнэлбэл зуу биш бүр мянган хувь өөрчлөгдсөн.

-Та нэг охиноо алдах дөхсөн байх аа. Энэ явдал танд сургамж болсон уу?

-Бурхан минь, миний бяцхан Софиа гуравхан сартай байхдаа хагалгаанд орсон юм. Одоо нөхөрт гараад хоёр хүүхдийн ээж болоод байж байна.

-Харин та тэр үед телевизийн нэвтрүүлгээ хийж байсан, энэ мэдээ ирсний дараа телевизээс усан нүдтэй гарч буй зураг түүх болон үлджээ?

-Тийм ээ. Би “Тулаанч” хэмээх шоугаа бэлтгэж байсан юм. Тийм үед л хүн хэчнээн их мөнгө, нэр хүнд, танил тал байгаад ч өвчнийг аргалах аргагүй гэдгийг ухаарсан. Эмчийг л бурхан мэт шүтнэ. Алах уу, аврах уу гэдгийг тэр хүний чадвар л мэднэ. Тэгж л би эмч гэдэг мэргэжлийн хүнд хэцүү атал бахдам сайхныг мэдэрсэн дээ.

-Эхнэр тань бизнесийн ертөнцийн акулуудын нэг. Адилхан амжилтад хүрсэн хүмүүс бие биенээ хэрхэн дүгнэдэг вэ?

-Тэр минь ухаалаг, сайхан сэтгэлтэй бүсгүй. Өнөөдрийг хүртэл түүний тухай сонсч байсан хамгийн муухай зүйл нь “Танай эхнэр чинь дэндүү сайхан юм аа” гэсэн өгүүлбэр. Тэгэхээр бусад хүн ч бас надтай санал нэгддэг байгаа биз.

-Тэр телевизийн хөтөлбөрөөр бараа сурталчилж борлуулдаг. Эхнэрийн тань ажил танд таалагддаг уу?

-Түүний шинэ ажлын тухай анх сонсоод чихэндээ ч итгээгүй. Таны эхнэр ч юм уу, хөрш айлын эзэгтэй ийм ажил эрхлэхээр шийдсэн бол надад тэгж санагдахгүй байсан. Гэтэл миний эхнэр телевизээр бараа сурталчилна гэдэг байж боломгүй зүйл шиг санагдаж билээ. Гэсэн ч тэр энэ бүхнийг үл хайхран санасандаа хүрсэн. Түүнд бусдыг ятгах авьяасыг бурхан хайрласан шиг байгаа юм. Тэр юуг ч зарж чаддаг юм. Танд баавгайн хавх зарчихаж ч мэднэ.

-Та хоёр өрсөлдөгчид үү?

-Тийм ээ, өрсөлдөгчид. Гэхдээ ажил, мэргэжлийн хувьд гэж ойлгож болохгүй. Ижил мэргэжлийн, тэр дундаа адилхан жүжигчин мэргэжилтэй хүмүүсийн гэрлэлт олон асуудалтай тулгардаг. Бидний хувьд энэ байдал тэс өөр. Жэннифер өөрийгөө дэлхий дээрх хамгийн муу жүжигчин гэж дүгнэдэг юм. Тэр хуурамч байдлыг эрс эсэргүүцдэг болохоор тэр байх. Кино урлагт тохирох хүн биш гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг юм. Тиймээс бидэнд бие биенээ үгүйсгэх шаардлага гардаггүй.

-Та бялдаржуулах клубт байнга ордог уу, бие тань бага зэрэг суларчихаж?

-Байнга. Нас гэж нэг юм байна шүү дээ. Би энэ тоог яаж ч зогсоож чадахгүй.

-Таныг багадаа царай муутай гэдэг байсан гэсэн.

-Би 12 настай байхаасаа л энэ спортоор хичээллэж эхэлсэн. Өөрийгөө царай муутай гэж голдог байснаас тэр. Жаахан байсан болохоор бялдаржуулах спортоор хичээллэбэл бие бялдар төдийгүй, царай зүс минь ч өөрчлөгдөнө гэх итгэл минь бялдаржуулах төв рүү намайг хөтөлдөг байлаа. Үнэндээ 12 насандаа хүн өөрийгөө царай муутай хэмээн голж байгаа бол энэ байдалтайгаа эвлэрэхээс өөр аргагүй байдаг юм билээ.

-Хэрэв би таны 12 настай байх үеийн зургийг одоо байгаа төрхтэй чинь харьцуулбал өөрчлөлт олж харахгүй нь ээ.

-Тийм ээ. Би яг л ийм хөгшин царайтай байсан. 12 настай байхдаа 100 хүүхдийн дунд 25 настай юм шиг харагддаг байсан. Есөн настай байхад духан дээр минь үрчлээ аль хэдийнэ тогтчихсон байсан.

-Та нээрэн нэг сэтгүүлтэй байхаа. Тэр хэр байна даа, ер нь яагаад сэтгүүл сонирхох болов?

-Арнольд Шварцнеггерийг амбан захирагч болох үеэр сэтгүүл гаргах санаа төрсөн юм. Арнольд “Булчин ба фитнесс” хэмээх сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг байсан юм. Тэгээд л түүнийг амбан захирагч болж, сэтгүүлийн ажлаа орхих үеэр “Яагаад би ч бас энэ салбарт хүч үзэж болохгүй гэж” гэх санаа төрсөн. Бодибилдингийн тухай сэтгүүлийн тоо нэгээр хорогдсон бол энэ төрлийн сэтгүүл дэлхий дахинаа 400 ширхэг л байдаг. Гэхдээ л хүсэл сонирхолдоо хөтлөгдөн өөрийгөө сорихоор шийдсэн юм. Бусдын л адил алдаж, онож, унаж, босч явна.

-Та Арнольд Шварценеггер, Ван Дамм хоёртой өнгөрсөн наймдугаар сард хамтран тоглосон “Дийлдэшгүй-2” /The Expendables/ киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Тэдэнтэй хамтархад хэр байв?

-Үнэхээр сайхан. Шварценеггер бид хоёрыг дэлгэцэнд хамт харахыг олон хүн хүсдэг байсныг би 1990 оноос хойш л мэднэ. Би энэ бүтээлээ дэлгэцийн дийлдэшгүй бүтээл байлгахын тулд Ван Даммын өмнө сөгдсөн. Уран бүтээлд ийм зэргийн юм байх хэрэгтэй шүү дээ. Энэ бол доромжлол биш гэдгийн чи ч бас ойлгож байгаа. Би чадварлаг жүжигчнийг бурхан шиг л шүтдэг.

-Брэд Питт, Анжелина Жоли, Том Круз, Жонни Депп энэ төрөлд тань багтах уу?

-Брэд Питт, Анжелина Жоли, Том Круз, Жонни Депп нар жүжигчин биш. Тэд зүгээр л сурагчид шүү дээ. Тэд ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, нэгэн хэвийн санагддаг. Харин миний хөвгүүд бол мундаг.

 -Анх “Дийлдэшгүй-1” кинонд тоглуулсан жүжигчид “Дэлгэцийн мөрөөдлийн баг”-байж чадах боловуу. Тэр дундаас хэнийг онцлох вэ?

-АНУ-ын “Сагсан бөмбөгийн мөрөөдлийн баг” дэлхийд үнэлэгддэг. Харин миний бүтээсэн “Дэлгэцийн мөрөөдлийн баг”-ийг одоо үед хэн ч бий болгож чадаагүй байна. Би кино зохиолоо 2008 онд гаргачихаад хэнийг тоглуулах вэ гэж бараг бүтэн жил бодсон. Холливууд, Европ, Ази тивүүдээс чадварлаг гэсэн 1000 гаруй жүжигчний гэрэл зураг дундаас “Мөрөөдлийн баг”-аа олсон. Би тэднийг тохирно гээд л шууд утас цохиж, уран бүтээлийнхээ талаар ярьж эхлэхэд, хөвгүүд маань бүгдээрээ “Ойлголоо эрхэмээ” одоо очлоо гээд л гэрийн минь үүдэнд бөөнөөрөө ирчихсэн байсан. Тэр мөч бол хамгийн сайхан мөч. Тэд дундаас би Жет Лиг онцлохыг хүслээ. Тэр зарим тулаантай хэсгийг илүү чамин өвөрмөц болгоход тусалсан. Өөрийн санал бодлоо шууд илэрхийлж байсан нь таалагдсан шүү. Ази хүмүүс жоохон аймхай байдаг шүү дээ.

Б.Дэлгэрцэцэг

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …