Говийн догшин ноён хутагт V дүрийн Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан Их соён гэгээрүүлэгчийн амьдралыг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотноо 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын-4 хүртэлх өдрүүдэд Хан-Уул дүүргийн Корпорейт Конвейншн центр тоглогдох гэж байна.
Тайзны урлагийн цоо шинэ энэхүү бүтээлийн Гүйцэтгэх продюсероор Х.Ганбаатар ажиллаж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжин олны хүртээл болж байгаа юм.
“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн хөгжмийг МУУГЗ Ш.Өлзийбаяр, цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч,бүжиг дэглээчээр СТА Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажиллажээ.
Их соён гэгээрүүлэгч хутагтын тухай бүжгэн жүжгийг өнгөрсөн оны долоодугаар сарын 29-ны өдөр Дорноговь аймгийн задгай тайзнаа нутгийн иргэдэд толилуулсан юм.
Дорноговь аймгийн залуус нутгаа гэсэн нэгэн сэтгэлээр нэгдэн Говийн тодотголтой догшин ноён V дүрийн Данзанравжаа хутагтын түүх, их соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үед таниулах зорилго эрмэлзлээр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг тайзнаа тавигдаж байгаа юм.
XIX зууны үеийн Буддын ухааны гүн сэтгэгч, их соён гэгээрүүлэгч нь яруу найраг, хөгжим, баримал сийлбэр, уран зургийн билэг авьяасаараа мянга гаруй бүтээл туурвиснаас “Саран хөхөө” жүжгийн зохиол, “Үлэмжийн чанар” дуут шүлэг, “Хамрын хийд” болоод “Галбын гурван хийд” танин мэдэхүйн байгууламж нь хүн төрөлхтний оюуны охь болж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч хүн төрөлхтний соёлын биет өв болгон ЮНЕСКО-д хадгалагддаг.